37

Гэрээний авдар
(Гэт 25:10–22)

Безалел хуайс модоор авдар хийсэн бөгөөд урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас байв. Тэр түүнийг дотор гаднагүй шижир алтаар бүрээд, түүнийг тойруулан алтан эмжээр хийжээ. Тэрээр үүнд зориулж дөрвөн алтан гархи цутгаад, авдрын дөрвөн хөл дээр байрлуулав. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байлаа. Тэгээд хуайс модоор дамнуургууд хийж, алтаар бүрэв. Авдрыг зөөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуулав.

Тэрээр эвлэрүүлгийн тагийг шижир алтаар хийсэн бөгөөд урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ. Тэрээр давтсан алтан хоёр херубыг хийлээ. Тэдгээрийг эвлэрүүлгийн тагны хоёр өнцөгт хийв. Нэг херубыг нэг өнцөгт, нөгөө херубыг нөгөө өнцөгт буюу херубуудыг хоёр өнцөгт эвлэрүүлгийн тагтайгаа нэгэн цул байхаар хийв. Херубууд далавчаа дээгүүр дэлгэсэн бөгөөд эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байв. Тэд өөд өөдөөсөө харсан агаад херубуудын нүүр нь эвлэрүүлгийн таг уруу харсан байв.

Тавиг талхны ширээ
(Гэт 25:23–30)

10 Тэгээд тэр хуайс модоор хоёр тохой урттай нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хийв. 11 Тэрээр түүнийг шижир алтаар бүрж, тойруулан алтан эмжээр хийжээ. 12 Мөн ширээг тойруулаад алганы энгээр хөвөө хийж хөвөөг нь тойруулан алтаар эмжив. 13 Тэр түүнд дөрвөн алтан гархи цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлууллаа. 14 Гархинууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж хөвөөнд ойр байрлажээ. 15 Тэрээр ширээг зөөх дамнуургуудыг хуайс модоор хийж, алтаар бүрэв. 16 Ширээн дээрх шижир алтан хэрэгслүүд буюу утлагад зориулсан таваг, хундага, ундаан өргөлд зориулсан хул аяга, ваар сав мэтийг тэрээр шижир алтаар хийжээ.

Дэнлүүний алтан суурь
(Гэт 25:31–40)

17 Тэгээд тэрээр давтсан шижир алтаар дэнлүүний суурь хийв. Дэнлүүний суурь ба ишийг давтаж хийсэн бөгөөд үүний хундага, болцуу ба цэцгүүд нь үүнтэйгээ нэгэн цул байв. 18 Дэнлүүний суурийн хажуугаас нь зургаан салаа гарсан бөгөөд нэг хажуугаас нь гурван салаа, нөгөө хажуугаас нь гурван салаа гарсан байв. 19 Нэг салаанд гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байсан ба тусбүрдээ болцуу ба дэлбээтэй байв. Нөгөө салаанд ч гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байсан ба тусбүрдээ болцуу ба дэлбээтэй байв. Дэнлүүний суурийн зургаан салаа бүгд ийм байв. 20 Дэнлүүний сууринд мөн гүйлсийн цэцгийн хэлбэртэй дөрвөн хундага байсан бөгөөд тусбүрийг болцуу ба дэлбээтэй хийжээ. 21 Дэнлүүнээс гарсан зургаан салааны хувьд үүний эхний хос салааны доор нэг болцуу, дараагийн хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байв. 22 Болцуу ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгэн цул бөгөөд бүхэлдээ шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байжээ. 23 Тэрээр долоон дэнлүүг үүний хямсаа ба тавиуруудтай нь шижир алтаар хийв. 24 Дэнлүүний суурийг бүх хэрэгслийнх нь хамт тэрээр нэг талант шижир алтаар хийв.

Утлагат тахилын ширээ
(Гэт 30:1–5)

25 Тэгээд тэр хуайс модоор утлагат тахилын ширээг хийсэн ба урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой бөгөөд дөрвөлжин, өндөр нь хоёр тохой мөн эврүүд нь түүнтэй нэгэн цул байв. 26 Тэрээр үүний оройг нь, бүх хажуу талыг нь тойруулан мөн эврүүдийг нь шижир алтаар бүрэв. Мөн ширээг тойруулан алтан эмжээр хийв. 27 Мөн эмжээрийнх нь доор, хоёр эсрэг хажуу дээр нь хоёр алтан гархийг хийжээ. Энэ нь тахилын ширээг зөөх дамнуургуудыг тогтоогч болов. 28 Тэрээр хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүрэв.

Ариун тос
(Гэт 30:22–38)

29 Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээл болох цэвэр утлагыг анхилуун үнэртнээр хийв.