Мосе шинэ хавтангууд хийв
(Дх 10:1–5)

34
1 ЭЗЭН, Мосед айлдан

—Урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө бэлтгэ. Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичнэ. 2 Тиймээс өглөө гэхэд бэлэн болгоод, өглөө Синаи ууланд гарч ирж, уулын оройд Миний өмнө зогс. 3 Чамтай хамт хэн ч гарч ирж болохгүй, ууланд нэг ч хүн үзэгдэж болохгүй. Хонин сүрэг, үхэр сүрэг ч уулын өмнө бэлчиж болохгүй гэв. 4 Ингээд ЭЗЭНий тушаасан ёсоор Мосе түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг бэлтгэж, өглөө эрт босоод Синаи ууланд гарав. Тэр гартаа хоёр чулуун хавтанг барьжээ. 5 Тэгэхэд ЭЗЭН үүлэн дотор буун ирж, тэнд түүнтэй хамт зогсоод ЭЗЭНий нэрийг тунхаглав. 6 ЭЗЭН урдуур нь өнгөрч, тунхаглахдаа

—ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ. 7 Тэрээр энэрэл хайрыг мянга түмэнд хадгалж, хилэнц, гэмт үйлдэл болон нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн хилэнцийг гурав, дөрөв дэх үеийг хүртэл хүүхэд, ач нарынх нь дээр буулгадаг гэв. 8 Мосе яаран газарт доош бөхийж, мөргөв. 9 Тэрээр

—Эзэн минь, хэрэв одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол гуйж байна. Хэдийгээр ард түмэн ийм зөрүүд боловч Эзэнийг минь бидний дунд хамт явуулж, бидний хилэнц нүглийг уучилж, биднийг Өөрийнхөө эзэмшил болгон аваач гэж хэлэв.

Гэрээг дахин сэргээв
(Гэт 23:14–19; Дх 7:1–5; 16:1–17)

10 Тэгэхэд Бурхан

—Харагтун, Би гэрээ байгуулж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би бүх ард түмний чинь өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь чамд Миний хийх гэж байгаа үйлс аймшигтай юм. 11 Энэ өдөр чамд Миний юу тушааж байгааг сахигтун. Үзэгтүн, амори, канаан, хит, периз, хиви болон иебусчуудыг Би та нарын өмнөөс хөөж гаргаж байна. 12 Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно. 13 Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч. 14 Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь Хардагч нэртэй ЭЗЭН нь хартай Бурхан билээ. 15 Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Учир нь тэд бурхдаа даган завхайрч, бурхдадаа тахил өргөх үед хэн нэгэн нь чамайг урьж тэр тахилаас нь чи идэх вий. 16 Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдгээр охид нь бурхдаа даган завхайрч, бас хөвгүүдийг чинь бурхадтайгаа завхайруулах вий. 17 Чи өөртөө ямар ч цутгамал бурхдыг бүү хий.

18 Чи Исгээгүй талхны баярыг сахь. Чамд Миний тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоон өдөр исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан. 19 Хэвлийг анх нээгч бүхэн, мал сүргийн чинь үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх. 20 Харин илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган бүрийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй. 21 Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар. 22 Долоо хоногуудын буюу буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Мөн жилийн эцэст ургац хураалтын баярыг тэмдэглэ. 23 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, ЭЗЭН Бурханы өмнө үзэгдэх ёстой. 24 Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөжүүлнэ. Жилд гурван удаа чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн газарт чинь шунахайрахгүй. 25 Чи Миний тахилын цусыг исгэх хөрөнгөтэй хамт бүү өргө. Алгасал баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ. 26 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв. 27 Дараа нь Мосед ЭЗЭН

—Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв. 28 Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр,