Асар
(Гэт 36:8–38)

26
1 Дараа нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийн дээр чи уран хийц болох херубуудыг хийлгэгтүн. 2 Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна. 3 Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдох ёстой. 4 Чи холбогдсон эхний хэсгийн бүрээсний ирмэгт хөх өнгийн гогцоо хийж, нөгөө хэсгийн бүрээсний ирмэгт чи мөн түүнчлэн хий. 5 Чи нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн нөгөө бүрээсний захад мөн тавин гогцоо хий. Гогцоонууд нь нэг нэгнийхээ харалдаа байхаар хий. 6 Тавин алтан дэгээ хийж, уг дэгээнүүдээр бүрээснүүдийг хооронд нь холбогтун. Ингэснээр асар нь нэг болно.

7 Дараа нь чи ямааны хялгасаар асрын дээгүүр бүтээх майхны бүрээснүүд хийгтүн. Чи арван нэгэн бүрээс хий. 8 Бүрээс бүрийн урт нь гучин тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой байх бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байх ёстой. 9 Бүрээсний тавыг нь хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг хооронд нь холбох ба майхны урд талд зургадугаар бүрээсийг нугалан давхарла. 10 Эхний хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо хий. 11 Тавин хүрэл дэгээ хийж, дэгээнүүдийг гогцоонд оруулан майхныг хооронд нь холбож нэг болго. 12 Майхны бүрээснээс үлдэх унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ар талд унжуулагтун. 13 Асрын бүрээсний уртаас үлдсэн нэг тал дахь нэг тохой мөн нөгөө тал дахь нэг тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой.

14 Улаанаар будсан хуцын арьсаар асрын бүтээлгийг хийгтүн. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлэг тавь.

Дүнз

15 Тэгээд хуайс модоор асарт зориулан дүнзнүүдийг босоогоор нь хий. 16 Дүнз бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас байна. 17 Дүнз бүрд хооронд нь холбох нэг нь нөгөөгийнхөө харалдаа хоёр углуурга байх агаад асрын бүх дүнзийг чи ийнхүү хийгтүн. 18 Тэгээд асарт зориулж өмнө зүгт, асрын баруун талд нь хорин дүнзийг хий. 19 Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг хийгтүн. 20 Асрын нөгөө тал буюу хойд зүгт нь хорин дүнзийг 21 дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байх ба 22 асрын ар талд нь буюу баруун зүгт зориулан зургаан дүнз хийгтүн. 23 Асрын ар талын булангуудад хоёр дүнз хий. 24 Тэдгээр нь доогуураа салангид боловч дээгүүрээ эхний гархинд холбогдсон байх бөгөөд аль аль нь адилхан байх ёстой ба тэдгээр нь хоёр булан болох юм. 25 Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байх ёстой. Нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байна. 26 Дараа нь хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл хий. 27 Асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл мөн баруун зүгт буюу асрын ар талд зориулан таван хөндөл хийгтүн. 28 Дүнзнүүдийн дундуур нэг захаас нь нөгөө зах хүртэл үргэлжлэх голын хөндөл байх ёстой. 29 Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлүүдийг тогтоох алтан гархинуудыг нь хийж, хөндлүүдийг алтаар бүрэгтүн. 30 Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго.

Хөшиг

31 Дараа нь чи хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хий. Үүний дээр уран хийц болох херубуудыг хийлгэ. 32 Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх бөгөөд багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байх ёстой. 33 Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно. 34 Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдар дээр чи эвлэрүүлгийн тагийг тавигтун. 35 Ширээг хөшигний гадна талд дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө зүгт тавь. Ширээг хойд зүгт нь тавигтун.

36 Асрын үүдэнд хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн. 37 Дэлгэцэнд зориулан хуайс модоор таван багана хийж алтаар бүр. Гадаснууд нь алтан байна. Тэдгээрт зориулан таван хүрэл углуур цутга.