Хаднаас гарсан ус
(Тоо 20:1–13)

17
1 Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй. 2 Ард олон Мосетой маргалдан

—Бидэнд уух ус өг гэсэнд Мосе тэдэнд

—Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв. 3 Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож

—Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв. 4 Мосе, ЭЗЭНд хашхиран

—Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв. 5 Тэгэхэд ЭЗЭН, Мосед — Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулаад яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв. 6 Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ. 7 Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд

—ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? гэж ЭЗЭНийг сорьсон юм.

Амалек ялагдсан нь

8 Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав. 9 Тиймээс Мосе, Иошуад

—Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв. 10 Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа. 11 Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. 12 Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Аарон Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. 13 Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав. 14 ЭЗЭН, Мосед

—Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн дороос бүрэн арилгана гэв. 15 Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлэхдээ

16 ЭЗЭНий андгаар дээрх мутар! ЭЗЭН үеийн үед Амалектай дайтах болой хэмээв.