Безалел ба Охолиаб
(Гэт 35:30—36:1)

31
1 Мосед ЭЗЭН айлдан

2 Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ. 3 Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь 4 уран хийцтэй зүйлсийг сэдэж, алт, мөнгө, хүрлээр урлан, 5 суулгах чулуунуудыг засаж, мод сийлэх ба бүх талын урлалыг хийлгэхийн тулд билээ. 6 Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын хамт түүнийг томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би билэг авьяаст бүх хүний зүрхэнд ур чадварыг өгсөн. 7 Уулзалтын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх эвлэрүүлгийн таг, асрын бүх хэрэгсэл, 8 ширээ болон хэрэгслүүдийг нь, шижир алтан дэнлүүний суурь болон бүх хэрэгслийг нь, утлагат тахилын ширээ, 9 шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь, угаалгын сав ба суурийг нь 10 мөн тахилчийн албанд үйлчлэхдээ өмсөх сүлжмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас мөн хөвгүүдийнх нь хувцаснуудыг 11 бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлага зэргийг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.

Амралтын өдрийн тухай хууль

12 Мосед ЭЗЭН айлдан

13 Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. 14 Амралтын өдөр та нарт ариун тул үүнийг сахигтун. Үүнийг бузарлах нэгэн үхэх ёстой. Энэ өдөр хэн ажил хийнэ, тэр хүн ард түмнийхээ дундаас таслагдана. 15 Зургаан өдрийн туршид ажил хийж болно. Харин долоо дахь нь буюу бүтэн амрах Амралтын өдөр нь ЭЗЭНд ариун билээ. Амралтын өдөр ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой. 16 Тиймээс Израилийн хөвгүүд Амралтын өдрийг үе уламжлан мөнхийн гэрээ болгон тэмдэглэж, Амралтын өдрийг сахиг.” 17 Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоон сэргэсэн билээ гэв.

Гэрээний хоёр хавтан

18 Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.