Сүүлчийн гамшгийг анхааруулав

11
1 ЭЗЭН, Мосед

—Би бас нэг гамшгийг Фараон дээр болон Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөж гаргана. 2 “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөнгөн эдлэл, алтан эдлэлийг нэхэгтүн” хэмээн ард түмний сонорт дуулга гэв. 3 ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе гэгч хүн Египет улсад, Фараоны албат нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов. 4 Мосе

—ЭЗЭН “Шөнө дунд Би Египетийн дундуур явна. 5 Сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл мөн бүх малын ууган төл буюу Египет газрын ууган бүгд үхэх болно. 6 Египетийн бүх нутагт урьд өмнө байгаагүй бас хойшид хэзээ ч үл гарах асар их уйлаан майлаан болно. 7 Харин Израилийн хөвгүүдийн хүн малынх нь эсрэг нохой ч хуцаж боргохгүй. Ингэснээр Египет ба Израилийн хооронд ЭЗЭН зааг тавьсныг та нар мэдэх болно” гэж айлдаж байна. 8 Таны эдгээр бүх албат над дээр ирээд, надад мөргөж, “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд ихэд хилэгнэн Фараоныхаас гарав. 9 ЭЗЭН, Мосед

—Фараон та нарыг сонсохгүй. Тиймээс Миний гайхамшгууд Египетийн нутагт олширно гэж хэлсэн байлаа. 10 Мосе Аарон нар энэ бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлдсэн боловч ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулсангүй.