Саул ба хүүгийнх нь үхэл

(1Шс 10:1–12)

31 1 Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав. 2 Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, Саулын хөвгүүн болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ. 3 Тулалдаан Саулын эсрэг улам ширүүсэж харваачид түүнийг оносонд тэр хүнд шархдав. 4 Тэгээд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ

 —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэж хэлэв. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав. 5 Зэвсэг үүрэгч нь Саулын үхсэнийг үзээд өөрийнхөө илдний дээрээс унаж, Саулын дэргэд үхэв. 6 Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, зэвсэг үүрэгчтэйгээ бүх хүмүүсийнхээ хамт үхэв. 7 Хөндийн нөгөө талд болон Иорданы цаад талд байсан израиль хүмүүс, Израилийн эрчүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ. 8 Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олж харав. 9 Тэд Саулын толгойг огтлон зэвсгийг нь мултлан авч, өөрсдийн шүтээнүүдийн сүмүүд ба ардуудад сайхан мэдээ хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээжээ. 10 Тэд Саулын зэвсгийг Ашторэтын дуганд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хэрмэн хананд өлгөв. 11 Саулыг филистчүүд хэрхсэнийг Иабеш-гилеадын оршин суугчид сонсоод, 12 бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саулын цогцос бас хөвгүүдийнх нь цогцсыг ч Бет-шаны ханан хэрэмнээс авч, Иабешт авчраад тэнд шатаав. 13 Тэгээд тэдний ясыг авч, Иабеш дахь сухай модны доор хөдөөлүүлэн долоо хоног мацаг барив.