Саулын ёс бус өргөл

13 1 Саул идэр насандаа хаан болж Израилийг хоёр жил захирчээ. 2 Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав. 3 Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон бөгөөд филистчүүд ч үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж

 —Еврейчүүд сонсогтун! гэж зарлав. 4 Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израильд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав. 5 Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав. 6 Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав. 7 Мөн еврейчүүдийн зарим нь Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар, түүнтэй цуг байсан ард олон айн дагжиж байлаа. 8 Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Ард олон түүнийг орхин тарцгааж байв. 9 Тэгэхэд Саул энд авчрагтун гэв. Тэгээд тэр шатаалт тахил тахив. 10 Үзэгтүн, түүнийг шатаалт тахил тахиж дуусмагц Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ. 11 Харин Самуел

 —Та юу хийв? гэсэнд Саул

 —Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул 12 би “Филистчүүд Гилгалд миний эсрэг одоохон ирэх нь, бас ЭЗЭНий тааллыг би гуйгаагүй байна” гээд би өөрийгөө хүчилж, аргагүй шатаалт тахил тахив гэж хариулав. 13 Самуел, Саулд

 —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израильд мөнхөд тогтоох байсан. 14 Гэвч одоо таны хаанчлал үргэлжлэхгүй. ЭЗЭН Өөртөө зүрх сэтгэлийнхээ дагуух хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь танд ЭЗЭНий тушаасныг та сахин биелүүлсэнгүй гэв.

 15 Тэгээд Самуел босон Гилгалаас Бениамины Гибеад өгсөж очив.

Тулааны бэлтгэл

 Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол зургаан зуугаад эрчүүд байв. 16 Саул, түүний хүү Ионатан ба тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт хуарагнан буусан байв. 17 Довтлогч цэргүүд филистчүүдийн хуарангаас гурван анги болон хуваагдаж гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газар уруу эргэн 18 нөгөө анги нь Бет-хороны зам уруу эргэн бас нэг анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар зам уруу эргэн явжээ. 19 Израилийн бүх нутаг даяар төмрийн дархан олддоггүй байв. Учир нь филистчүүд “Еврейчүүд өөрсдөө илд, жад хийх вий” гэдэг байжээ. 20 Тиймээс бүх Израиль анжис, зээтүү, сүх, хадуураа ирлүүлэхийн тулд филистчүүд уруу очдог байлаа. 21 Анжис, зээтүү, сэрээ, сүх ирлэж засахад шекелийн гуравны хоёртой тэнцэх үнийг төлдөг байв. 22 Тулалдааны өдөр Саул болон Ионатантай хамт байсан ард олны хэнийх нь ч гарт илд ч, жад ч байсангүй. Харин Саул болон түүний хөвгүүн Ионатанд л байв.

Ионатан гайхагдаж

филистчүүд ялагдав

 23 Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.