14 1 Тэр өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг үүрэгч залуудаа

 —Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн харуулын анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин Ионатан үүнийг эцэгтээ мэдэгдсэнгүй. 2 Саул Гибеагийн зах газар Мигрон дахь анар модны дор сууж байв. Ард олноос түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа. 3 Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүж байв. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа. 4 Филистчүүдийн цэргийн харуулын анги уруу Ионатаны гатлан очих гэсэн гармын нэг талд нь эгц хадан хавцал мөн нөгөө талд нь ч эгц хадан хавцал байсан ба нэг талыг нь Бозез, нөгөө талыг Сене гэдэг байжээ. 5 Нэг тал нь Михмашийн харалдаа хойд зүгт, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд зүгт байв. 6 Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа

 —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв. 7 Зэвсэг үүрэгч нь түүнд

 —Зүрхэн дэх бүхнээ үйлдэгтүн. Үзтүгэй, таны зүрхний хүслээр тантай би хамт байна гэв. 8 Тэгэхэд Ионатан

 —Харагтун, бид тэр хүмүүс уруу гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө илчилнэ. 9 Хэрэв тэд бидэнд “Бид та нар уруу хүрч очтол бүү хөдлөгтүн” гэж хэлбэл, бид байсан газартаа байж, тэдэн дээр өгсөж очихгүй. 10 Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв. 11 Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө илчлэхэд филистчүүд

 —Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв. 12 Тэгээд харуулын эрчүүд Ионатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд

 —Бидэн дээр ирэгтүн. Бид та нарт нэг юм заажю өгье! гэв. Ионатан зэвсэг үүрэгчдээ

 —Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгөв гэв. 13 Тэгээд Ионатан хөл гараараа авирч, түүний зэвсэг үүрэгчид араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө унаж, зэвсэг үүрэгчид нь ч мөн түүний араас заримыг нь алав. 14 Эхний дайралтаараа Ионатан зэвсэг үүрэгчтэйгээ хамт акр шангийн хагас хэрийн талбайд хорин хүнийг алав. 15 Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов.

 16 Харагтун, нааш цааш оволзон шаагилдсан хөл үймээнийг Бениамины Гибеад байгаа Саулын харуулууд харав. 17 Саул хамт байсан хүмүүстээ

 —Тоогоо авагтун. Бидний дундаас хэн гарч явсныг хар гэж хэлэв. Тэгээд жагстал, харагтун, Ионатан болон түүний зэвсэг үүрэгч алга байжээ. 18 Саул Ахиад

 —Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв. 19 Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн цэргийн хуаран дахь үймээн үргэлжлэн улам ихсэв. Саул тахилчид

 —Гараа татагтун гэж хэлэв. 20 Саул ба түүнтэй хамт байсан бүх хүмүүс нэгдэн цуглаж, тулалдааны талбар дээр очив. Тэгтэл филист хүн бүр нэг нь нөгөөгийнхөө эсрэг илд зөрүүлж, тэнд маш их үймээн самуун болж байв. 21 Өмнө нь филистчүүдийн талд орж, тэдэнтэй хамт нэг хуаранд байсан зүг зүгийн еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатаны израильчуудтай хамтрахаар эргэцгээв. 22 Ефраимын ууланд нуугдаж байсан израиль хүмүүс ч филистчүүдийн зугтсаныг сонсоод бүгд тулалдаанд орж, филистчүүдийг гэзэг даран хөөв. 23 Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.

Саулын бодлогогүй тангараг

 24 Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд туйлдав. Учир нь Саул ард олноор андгайлуулан

 —Оройноос өмнө, намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! гэв. Тиймээс ард олноос хэн ч хоол амссангүй. 25 Нутгийн хүмүүс бүгдээрээ зөгийн бал цуглуулахаар ирцгээсэн ба тэнд газар сайгүй зөгийн бал байв. 26 Ард олон зөгийн үүр уруу очиход, харагтун, зөгийн бал дусагнаж байсан боловч нэг ч хүн гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв. 27 Эцэг нь ард олныг тангараглуулсныг харин Ионатан сонсоогүй байжээ. Тиймээс гартаа барьсан таягийн үзүүрийг зөгийн балын сархинагт дүрж, гараа амандаа хийхэд нүд нь гэрэлтэв. 28 Тэгэхэд хүмүүсийн нэг нь

 —Таны эцэг ард олныг хатуу тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” гэсэн билээ. Ийнхүү ард олон туйлдав гэлээ. 29 Тэгэхэд Ионатан

 —Миний эцэг энэ улсын үйлийг нь үзжээ. Би энэ зөгийн балаас жаахан амсахад миний нүд яаж гэрэлтэж байгааг хар даа. 30 Өнөөдөр хүмүүс дайснаас олж авсан олзноосоо дураараа идсэн байсан ч болоосой. Тэгвэл бүр ч олон филист алагдах байсан биш үү? гэж хэлэв. 31 Тэд тэр өдөртөө филистчүүдийг Михмашаас Аиалон хүртэл цохив. Ард олон ихэд туйлдсан байв. 32 Хүмүүс олзны юмс уруу дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, газар дээр нядлан тэдгээрийг цустай нь идэв. 33 Тэгэхэд Саулд

 —Харагтун, хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна гэж дуулгав. Саул

 —Та нар итгэл эвдлээ. Одоохон над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв. 34 Саул

 —Ард олон дундуур таран явж, тэдэнд ийн хэлэгтүн “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” гэж хэл гэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө өөр өөрсдийн үхрийг авчирч, тэнд нядлав. 35 Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байлаа.

Ионатан үхлийн аюул дор

 36 Саул

 —Шөнөдөө филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг цөлмөж тэднээс нэг ч хүнийг бүү үлдээгтүн гэхэд тэд —Та тааллаараа л бологтун гэв. Тиймээс тахилч

 —Энд Бурханд ойртоцгооё гэв. 37 Саул, Бурханаас асуун

 —Би филистчүүдийн араас явах уу? Та тэднийг Израилийн гарт өгөх үү? гэж лавлав. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй. 38 Саул

 —Ард олны бүх удирдагчид аа, энд ойртон ирэгтүн. Өнөөдөр яагаад ингэсний бурууг мэдтүгэй, хартугай! 39 Израилийг авардаг Бурхан амьд! Буруутан нь миний хөвгүүн Ионатан байлаа ч, тэр нь заавал үхэх ёстой гэв. Гэтэл ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй. 40 Саул бүх Израильд

 —Та нар нэг талд зогсогтун. Би өөрийн хөвгүүн Ионатантай хамт нөгөө талд гаръя гэхэд ард олон Саулд

 —Та тааллаараа л бол! гэв. 41 Саул Израилийн Бурхан ЭЗЭНд

 —Буруутанг нь буулгаж өгөөч  гэв. Ионатан Саул хоёр тунаж, ард олон мултрав. 42 Тэгээд Саул

 —Миний хөвгүүн Ионатан бид хоёрын дунд шавга хая гэхэд, Ионатан тунаж үлдэв. 43 Саул, Ионатанд

 —Юу үйлдсэнээ надад хэлэгтүн гэхэд Ионатан түүнд

 —Би гартаа байсан таягийн үзүүр дэх жаахан зөгийн балыг зүгээр л амссан. Харагтун, одоо би үхэх ёстой гэв. 44 Саул

  —Ионатан! Чи гарцаагүй үхэх ёстой. Эс бөгөөс ЭЗЭН намайг ийн шийтгэг, бүр ч илүүг үйлдэг гэж хэлэв. 45 Гэвч ард олон Саулд

 —Энэ агуу их ялалтыг Израильд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт үл унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй. 46 Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд өөрсдийн газар уруугаа явцгаав.

Саул дайнаа үргэлжлүүлэв

 47 Саул Израилийн хаанчлалыг гартаа авснаас хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едомд, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаашаа ч эргэсэн тэднийг залхаан зовоож  байв. 48 Тэр эр зориг гарган амалекчуудыг устгаж, Израилийг дээрэмчдийн гараас аврав.

 49 Саулын хөвгүүд Ионатан, Ишви, Малхи-шуа бөгөөд хоёр охиных нь ууганы нэр Мераб, дүүгийнх нь Михал, 50 Саулын эхнэрийн нэр нь Ахиноам бөгөөд тэрээр Ахимаазын охин байв. Нерийн хөвгүүн, Саулын авга ах Абнер цэргийн жанжин нь байлаа. 51 Саулын эцэг Киш, Абнерын эцэг Нер бөгөөд энэ хоёр өөрсдөө Абиелын хөвгүүд билээ. 52 Филистчүүдийн эсрэг ширүүн дайн тэмцэл Саулын амьдралын өдрүүдийн туршид байсан бөгөөд эр зоригтой, байлдах чадвартай хүнийг Саул харвал албандаа авдаг байв.