Давид Голиат хоёр

17 1 Филистчүүд байлдахаар цэргээ цуглуулав. Тэд Иудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес-Даммимд хуарагнав. 2 Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Елагийн хөндийд хуарагнаж, филистчүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. 3 Тэртээх ууланд филистчүүд байж, энэтээх ууланд Израиль байж, тэдний дунд мөнөөх хөндий. 4 Тэгэхэд филистчүүдийн цэргийн хуарангаас нэгэн тэргүүлэгч дайчин эр гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь зургаан тохой нэг сөөм байжээ. 5 Тэрээр толгойдоо хүрэл дуулга, биедээ таван мянган хүрэл шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв. 6 Тэр хөлдөө хүрэл өвдгөвчтэй бөгөөд мөр хооронд нь хүрэл бамбай байв. 7 Түүний жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт, жадны үзүүр нь зургаан зуун төмөр шекелийн жинтэй. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явж байв. 8 Голиат зогсож, Израилийн цэргүүдийн жагсаал уруу хашхиран дуудаж

 —Та нар юунд тулалдахаар жагсан гарч ирэв? Би филист хүн, харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож, над уруу явуулагтун. 9 Хэрэв тэр хүн надтай тулалдаж дөнгөөд, намайг албал бид та нарын боол болъё. Хэрэв би түүнийг ялж, албал та нар харин бидний боол болж бидэнд үйлчлэгтүн гэв. 10 Филист хүн цааш нь

 —Өнөөдөр би Израилийн жагсаалыг ичээн шившиглэж байна. Нэг хүнийг явуулагтун. Халз тулалдъя гэв. 11 Саул болон бүх Израиль энэ филист хүний үгийг сонсоод зориг нь мохож, тэд ихэд айв. 12 Иуда дахь Бетлехемийн Иесси гэдэг нэртэй ефрат хүний хөвгүүн нь Давид билээ. Иесси найман хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин, настай болсонк байв. 13 Иессийн гурван том хөвгүүн Саулыг даган дайнд явжээ. Дайнд явсан гурван хөвгүүний ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шамма юм. 14 Давид отгон хөвгүүн нь байлаа. Гурван том хүү нь Саулыг дагаж явжээ. 15 Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн очин байв. 16 Өнөө филист хүн дөчин өдрийн турш өглөө, үдэш бүр гарч ирэн өөрийгөө харуулж байлаа.

 17 Тэгтэл Иесси, хөвгүүн Давиддаа

 —Ах нарт чинь бэлдсэн нэг ефа хуурсан будаа, энэ арван талхыг авч хуаран уруу ах нар дээрээ гүйн оч. 18 Мөн энэ арван ширхэг бяслагийг мянгатын даргад нь хүргэж өгөөд, ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир. 19 Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх израиль эрчүүд Елагийн хөндийд филистчүүдтэй тулалдаж байгаа гэж хэлэв. 20 Давид өглөө эрт босож, хонин сүргээ хөлсний хоньчинд даатгаж орхиод хүнсийг авч Иессийн тушааснаар явлаа. Түүнийг хуаранд ирэхэд цэргүүд уухайлан хашхирч, жагсаалаар гарцгааж байв. 21 Израиль болон филистчүүдийн цэргүүд өөд өөдөөсөө жагсаалаар ирцгээв. 22 Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулын гарт үлдээгээд, байлдааны шугам уруу гүйж, ах нарынхаа мэндийг асуухаар очив. 23 Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед тэргүүлэгч дайчин эр, Голиат гэдэг нэртэй Гатын филист хүн, филистчүүдийн жагсаалаас гарч ирэн урьдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. 24 Израилийн бүх эрчүүд тэр хүнийг хараад, түүнээс ихэд айн зугтав. 25 Израилийн эрчүүд

 —Тэр гарч ирж байгаа хүнийг харав уу? Тэр үнэхээр Израилийг ичээн шившиглэж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаар шагнан түүнд өөрийн охиныг өгч, түүний эцгийн гэрийг Израильд албан татвараас чөлөөлөх болно хэмээв. 26 Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст

 —Энэ филист хүнийг алж, Израилиас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд Бурханы цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй филист хүн хэн юм бэ? гэж хэлэв. 27 Хүмүүс түүнд өмнөхийн адилаар

 —Түүнийг алсан хүнийг ингэнэ, тэгнэ гэцгээв. 28 Түүний том ах Елиаб, Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсжээ. Елиаб Давидад ихэд уурлан

 —Чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа тэр хэдэн хонио чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан, муу санааг чинь мэднэ. Чи тулалдааныг үзэхээр ирсэн биз дээ? гэж загнав. 29 Харин Давид

 —Би яасан юм бэ? Зөвхөн асуусан шүү дээ гэж хэлэв. 30 Давид Елиабаас өөр хүн уруу эргэж, өнөөх л зүйлээ асуув. Хүмүүс түрүүчийн нэгэн адил тэгнэ ингэнэ гэсэн хариу өгөв.

 31 Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод Саулд мэдүүлсэнд Саул Давидыг дуудан авчруулав. 32 Давид, Саулд

 —Тэр хүнээс болж хэн ч зүрх бүү алдаг. Боол нь явж, тэр филист хүнтэй тулалдъя гэв. 33 Тэгэхэд Саул, Давидад

 —Чи тэр филист хүн уруу очиж, түүнтэй тулалдаж чадахгүй. Чи ийм залуу бага хүн, харин тэр залуу байхаасаа цэргийн хүн байсан гэв. 34 Гэвч Давид, Саулд

 —Боол нь эцгийнхээ хонийг хариулдаг байсан. Арслан юмуу баавгай ирээд, хонин сүргээс минь хурга авч явахад 35 би араас нь хөөж очоод, түүнийг довтолж, түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрэв тэр над уруу дайрвал би сахлаас нь шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв. 36 Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв. 37 Давид цааш нь

 —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул, Давидад

 —Явагтун, ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэж хэлэв. 38 Тэгээд Саул, Давидыг өөрийнхөө хувцсаар хувцаслаж, толгойд нь хүрэл дуулгаа өмсгөж, биед нь хуягаа өмсгөв. 39 Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүсэлж зүүгээд алхах гэж оролдов. Давид, Саулд

 —Сураагүй учир би үүнийг өмсөж явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ. 40 Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө авч явсан хурганы уутанд хийж, дүүгүүрээ гартаа бариад өнөөх филист хүн уруу явлаа. 41 Тэгэхэд филист хүн ч бамбай үүрэгчээ урдаа зогсоон Давид уруу ойртож ирэв. 42 Филист хүн Давидыг хараад, залуухан, улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлов. 43 Филист хүн, Давидад

 —Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав. 44 Филист хүн, Давидад

 —Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье гэж занав. 45 Давид филист хүнд

 —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. 46 Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно. 47 Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. 48 Филист хүн босож, Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. 49 Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. 50 Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав. 51 Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав. 52 Израиль болон иуда хүмүүс босож, уухайлан хашхирсаар филистчүүдийг Гат ба Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар нэг алагдсан филистчүүд унацгаасан байв. 53 Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө зогсоон буцаж ирээд филистчүүдийн хуарангуудыг тоножээ. 54 Дараа нь Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авчирсан ба харин зэвсгийг нь майхандаа тавив. 55 Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явах үед Саул хараад цэргийн жанжин Абнераас

 —Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? гэж асуужээ. Абнер

 —Хаантан минь, таны бие амьд! Би эс мэднэ гэв. 56 Тэгээд хаан

 —Чи тэр залууг хэний хөвгүүн болохыг асуугтун гэж тушаажээ. 57 Давид тэр филист хүнийг алаад буцаж ирсэнд Абнер түүнийг Саулын өмнө дагуулан очив. Давид филист хүний толгойг гартаа барьсан байлаа. 58 Саул, Давидаас

 —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? гэж асуусанд Давид

 —Таны боол би Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн гэж хариулжээ.