Давид дагагчдын хамт Адулламд

22 1 Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод, Давидын байгаа газар уруу ирэв. 2 Шахалтад, өрөнд, сэтгэл уналтанд орсон бүхэн Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв. 3 Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд

 —Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв. 4 Ингээд Давид эцэг эхээ Моабын хаантай хамт орхисонд эцэг эх нь Давидыг бэхлэлтэд амьдрах хугацаанд хааныд амьдрав. 5 Эш үзүүлэгч Гад, Давидад

 —Бэхлэлтэд бүү нуугд. Босож, Иудагийн нутаг уруу явагтун гэж хэлсэнд Давид тэндээс гарч, Херетийн ойд очив.

Нобын тахилчдыг Саул хөнөөв

 6 Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс олдсон тухай Саул сонсов. Тэр үед Саул Гибеад, сухай модны доор, өндөрлөг газар гартаа жад барин сууж байв. Бүх зарц нар нь түүнийг тойрон зогсжээ. 7 Саул тойрон зогсож байсан зарц нартаа

 —Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгат, зуутын дарга болгон томилох уу? 8 Учир нь та нар бүгд миний эсрэг хуйвалдсан билээ. Миний хүү Иессийн хүүтэй гэрээ байгуулахад надад дуулгасан хүн үгүй, эдүгээ ч миний төлөө сэтгэл нь өвдсөн эсвэл миний хүү боолыг минь миний эсрэг болгосныг ч надад дуулгах хүн байхгүй байна гэж зэмлэв. 9 Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан едом хүн Доег

 —Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ. 10 Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн гэж хэлэв. 11 Хаан нэг хүн илгээж, Ахитубын хөвгүүн тахилч Ахимелехийг бас түүний эцгийн гэрийнхэн болох Нобт байгаа тахилч нарыг дуудуулсанд тэд бүгд хаан уруу ирэв. 12 Саул

 —Ахитубын хөвгүүн ээ, одоо сонсогтун гэсэнд тэр

 —Эзэн минь, би энд байна гэв. 13 Тэгэхэд Саул түүнд

 —Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр үйлдэж байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв. 14 Ахимелех хаанд хариулан

 —Таны зарц нарын дотор Давид шиг үнэнч хүн хэн байна вэ? Давид бол хааны хүргэн, таны харуулын дарга, таны гэрт хүндтэй хүн юм. 15 Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү? Энэ нь надаас хол байг! Таны боол би энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч гэж хэлэв. 16 Гэвч хаан

 —Ахимелех ээ, чи заавал үхэх ёстой. Чи болон чиний эцгийн гэрийнхэн бүгд үхэх болно гэж хэлэв. 17 Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа

 —Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай гар нийлж мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч халдахыг хүссэнгүй. 18 Тэгэхэд хаан Доегт

 —Чи явж очоод, тахилч нарт халдагтун гэсэнд едом хүн Доег явж очоод, тахилч нарт халдаж, тэр өдөр маалинган ефод зүүсэн наян таван хүнийг алав. 19 Тэр тахилч нарын хот Нобыг цохиж, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав. 20 Гэвч Ахитубын ач, Ахимелехийн нэгэн хөвгүүн Абиатар гэгч зугтан Давидын араас оргож ирэв. 21 Саул, ЭЗЭНий тахилч нарыг хөнөөснийг Абиатар, Давидад мэдэгдэв. 22 Тэгэхэд Давид, Абиатарт

 —Тэр өдөр едом хүн Доегийг тэнд байхаар нь тэр лав Саулд хэлж мэдэгдэнэ гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрийнхэнд үхэл авчирлаа. 23 Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна гэж хэлэв.