Давид Ионатан хоёрын нөхөрлөл

20 1 Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв. 2 Ионатан түүнд

 —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Үзэгтүн, миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй гэж хэлэв. 3 Гэсэн ч Давид тангараглано

 —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв. 4 Ионатан, Давидад

 —Хэлсэн бүх санааг чинь чиний төлөө би гүйцэлдүүлье гэв. 5 Тиймээс Давид, Ионатанд

 —Харагтун, маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл талд нуугдъя. 6 Хэрэв таны эцэг намайг сураглавал “Давид, Бетлехем хот уруугаа явахаар надаас хичээнгүйлэн гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх ураг төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ” гэж хэлэгтүн. 7 Хэрэв таны эцэг “зүйтэй” гэвэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хорон мууг учруулахаар шийджээ гэдгийг мэдтүгэй. 8 Иймээс боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан боолтойгоо гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад хилэнц байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв. 9 Ионатан

 —Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд хорон мууг үйлдэхээр шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд хэлж мэдүүлэхгүй гэж үү? гэхэд 10 Давид, Ионатанд

 —Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ? гэв. 11 Ионатан, Давидад

 —Явъя, хээр талд гаръя гэв. Тэгээд тэд хоёулаа хээр гарав. 12 Тэгэхэд Ионатан Давидад

 —Израилийн Бурхан ЭЗЭН гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдий үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж чамд дуулгахгүй гэж үү? 13 Хэрэв миний эцэг чамд хорон мууг үйлдэхээр шийдсэн байвал үүнийг чихэнд чинь дуулгахгүй, чамайг эсэн мэнд зугтаалгахгүй бол ЭЗЭН, Ионатан намайг тийнхүү бас түүнээс ч илүүгээр шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай. 14 Миний амьд ахуйд чи надад ЭЗЭНий хайр энэрлийг үзүүлэхгүй гэж үү? Намайг үхсэн ч бас 15 ЭЗЭН, Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд бүү салгаг гэж хэлэв. 16 Ионатан, Давидын гэртэй ийнхүү гэрээ байгуулаад

 —ЭЗЭН, Давидын дайснуудын гараас үүнийг нэхэг! гэв. 17 Ионатан, Давидад хайртай байсан тул түүгээр дахин тангараглуулав. Учир нь Ионатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ. 18 Ионатан, Давидад

 —Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно. 19 Гурван өдөр болоход чи гарч яваад, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун. 20 Би бай харваж буй мэт тэр зүг уруу гурван сум тавина. 21 За тэгээд, би нэгэн хөвгүүнийг явуулж, “Явж, сумнуудыг олж ир” гэж хэлнэ. Хэрэв би хөвгүүнд тусгайлан “Хар, сум чиний наад талд байна. Түүнийг авч ир” гэж хэлбэл чи гарч ирээрэй. ЭЗЭН амьд! Чамд ямар ч гай тотгор, аюул байхгүй. 22 Харин би залууд “Хар, сум чиний цаад талд байна” гэж хэлбэл чи яваарай. Учир нь ЭЗЭН чамайг явуулж байна. 23 Чи бид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол, харагтун, чи бид хоёрын дунд ЭЗЭН мөнх байг! гэж хэлэв. 24 Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход хаан зоогийн ширээнд суулаа. 25 Хаан заншил ёсоороо хананы дэргэд өөрийн суудалдаа суув. Ионатан босож, Саулын хажууд Абнер суусан ба Давидын суудал хоосон байв. 26 Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр

 —Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз гэж санажээ. 27 Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас

 —Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? гэж асуув. 28 Тэгэхэд Ионатан, Саулд

 —Давид надаас Бетлехем уруу явъя гэж ихэд гуйсан юм. 29 Тэр “Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв таны нүднээ би тааллыг олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя” гэсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм гэж хариулав. 30 Саул, Ионатанд ихэд хилэгнэн

 —Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу? 31 Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой гэж хэлэв. 32 Харин Ионатан, эцэг Саулдаа хариулан

 —Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? гэж хэлэв. 33 Тэгэхэд Саул, Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ. 34 Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь Давидыг түүний эцэг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв. 35 Өглөө болоход Ионатан бяцхан хөвгүүнийг дагуулан Давидтай болзсон цагтаа хээр тал уруу гарч явав. 36 Тэр, хөвгүүнд

 —Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив. 37 Ионатаны сум харвасан газарт тэр хөвгүүн хүрч очиход Ионатан хөвгүүний араас дуудан

 —Сум чиний цаана чинь байна гэж хашхиран хэлэв. 38 Ионатан, хөвгүүний араас дуудаж

 —Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг түүн авч, эзэн дээрээ ирэв. 39 Гэвч хөвгүүн юу ч мэдээгүй ба зөвхөн Ионатан Давид хоёр л учрыг мэдэж байлаа. 40 Ионатан өөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч

—Үүнийг хот уруу авч яв гэж хэлэв. 41 Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав. 42 Ионатан, Давидад

—Амар тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байг!” гэж ЭЗЭНий нэрээр бие биендээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцжээ.