Самуелын баярт үгс

12 1 Тэгээд Самуел бүх Израильд хандан

 —Харагтун! Та нарын надад хэлсэн бүгдийг буюу дуу хоолойг чинь би сонсож, та нарын дээр хааныг томилов. 2 Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харагтун. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би хар багаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа. 3 Би энд байна. ЭЗЭНий өмнө болон Түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн! Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахууль авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэв. 4 Хүмүүс

 —Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарамтлаагүй, хэний ч гараас юу ч булааж аваагүй гэцгээв. 5 Самуел тэдэнд

 —Та нар миний гараас юу ч олоогүйг өнөөдөр ЭЗЭН та нарын дунд гэрчилж мөн ЭЗЭНий тослогдсон хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түүнд

 —Тэр гэрч мөн гэцгээв.

 6 Тэгэхэд Самуел ард олонд

 —Мосе Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан ЭЗЭН гэрч мөн. 7 Тиймээс та нарт болон та нарын эцэг өвгөдөд үйлдсэн ЭЗЭНий бүх зөвт үйлсээр би ЭЗЭНий өмнө та нарыг шүүхийн тулд одоо энд зогсогтун. 8 Иаков Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирсан билээ. Тэгэхэд ЭЗЭН, Мосе Аарон хоёрыг илгээж, тэд эцэг өвгөдийг чинь Египетээс гаргаж, энэ нутагт суурьшуулсан. 9 Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартсанд ЭЗЭН тэднийг Хазорын цэргийн жанжин Сисерагийн гарт бас филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаасанд тэд тэдний эсрэг дайтав. 10 Тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирч, “Бид ЭЗЭНийг умартан орхиж, Баалууд ба Ашторэтод үйлчлэн нүгэл үйлджээ. Харин одоо дайснуудын маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэсэн билээ. 11 Тэгэхэд Иеруббаал, Бедан, Иефта, Самуел нарыг ЭЗЭН илгээж, тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас та нарыг аварсан билээ. Тэгээд та нар аюул заналгүй амьдран суув.

 12 Гэтэл Аммоны хаан Нахаш та нар уруу ирэхийг та нар хараад, хэдийгээр та нарын хаан Бурхан ЭЗЭН байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж надад хэлэв. 13 Тиймээс өөрийн хүсэж сонгосон хааныг үзтүгэй. ЭЗЭН та нарын дээр хааныг тавив. 14 Хэрэв та нар ЭЗЭНээс эмээж, Түүнд үйлчилж, Түүний дуу хоолойг сонсож, ЭЗЭНий тушаалд үл тэрслэх аваас, мөн та нар ч, та нарыг захирах хаан ч Бурхан ЭЗЭНээ дагавал ЭЗЭН та нартай хамт байна. 15 Хэрэв та нар ЭЗЭНий дуу хоолойг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалд тэрслэн зөрүүдлэх аваас ЭЗЭНий мутар эцэг өвгөдийн чинь эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно. 16 Тиймээс зогсож, та нарын нүдний өмнө ЭЗЭНий үйлдэх энэ агуу үйлсийг үзэгтүн! 17 Өнөөдөр буудайн ургацын үе бус уу? Би ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН аянга дуутай бороо оруулна. Та нар өөрсдөдөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь асар их болохыг ойлгож, харах болно гэв. 18 Тийнхүү ЭЗЭНийг Самуел дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга дуутай бороо оруулав. Бүх ард олон ЭЗЭН ба Самуелаас ихэд айжээ. 19 Тэгээд бүх ард олон Самуелд

 —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв. 20 Самуел хүмүүст

 —Бүү айгтун. Та нар энэ бүх бузар мууг нэгэнт үйлдэв. Гэсэн ч ЭЗЭНийг дагахаас эргэж буцалгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн. 21 Хэрэг тус болохгүй, аврал өгөхгүй дэмий хоосон юмыг дагаж бүү гажигтун! Тэд бол дэмий хоосон зүйлс билээ. 22 Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав. 23 Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана. 24 Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхээрээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! Тэр та нарт юутай агуу зүйлс үйлдсэнийг санагтун! 25 Харин та нар хорон муу хэрэг үйлдсээр байвал та нар ч, та нарын хаан ч хамагдан арилах болно гэжээ.