Саулын амийг Давид дахин хэлтрүүлэв

26 1 Гибеад байсан Саул уруу зифчүүд ирж

 —Давид, Иешимоны урд талд байдаг Хахила довд нуугдаж байгаа бус уу? гэж хэлэв. 2 Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв. 3 Саул Иешимоны урд талд, замын дэргэд орших Хахила довд хуарагнав. Энэ үед Давид цөлд байв. Саул өөрийг нь мөрдөж цөлд ирснийг хараад 4 Давид туршуулуудыг явуулж Саулын ирээд байгааг мэдэв. 5 Дараа нь Давид, Саулын хуарагнасан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин, Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ. 6 Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан

 —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи

 —Би тантай хамт уруудан явъя гэж хариулав. 7 Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очив. Харагтун, Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв. 8 Тэгэхэд Абишаи, Давидад

 —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй гэж хэлэв. 9 Гэвч Давид, Абишаид сөргүүлэн

 —Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгаад хэн шийтгэлгүй үлдэж чадах вэ? гэв. 10 Давид цааш нь —ЭЗЭН амьд! ЭЗЭН түүнийг заавал устгана эсвэл түүний үхэх өдөр ирнэ эсвэл тулалдаанд явж устгагдана. 11 ЭЗЭНий тосолсон хүний эсрэг намайг гар сунгахыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай домбыг аваад явъя гэж хэлэв. 12 Тэгээд Давид, Саулын толгойн хажуугаас жад ба устай домбыг авч явав. Хэн ч харсангүй, хэн ч мэдсэнгүй, хэн ч сэрсэнгүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байв. 13 Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол гэгчийн уулын оройд гарав. Тэдний хооронд хол зайтай болов. 14 Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан

 —Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер

 —Хаан уруу хашхирдаг чи хэн юм бэ? гэж хариу асуув. 15 Ийнхүү Давид, Абнерт

 —Чи эр хүн биш үү? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныг сахин хамгаалсангүй вэ? Учир нь эзэн хааныг чинь хороохоор нэгэн хүн ирсэн билээ. 16 ЭЗЭН амьд! Үйлдсэн чинь сайн биш агаад та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба домботой ус хаана байгааг харагтун гэж хэлэв. 17 Тэгэхэд Саул, Давидын дууг танин

 —Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид

 —Миний дуу, эзэн хаан минь! гэж хариулав. 18 Тэр бас

 —Яагаад эзэн минь өөрийн зарцын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ? 19 Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн зарцын үгийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөн явуулж, “Явж бусад бурхдад үйлчил” гэж хэлж байгаа хэрэг юм. 20 ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан, ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил, ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ гэж хэлэв

 21 Тэгэхэд Саул

  —Би алдаа хийв. Буцаж ирэгтүн, миний хүү Давид! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Харагтун, би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв. 22 Давид хариулан

 —Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун. 23 ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь хариу шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгахаасаа татгалзсан билээ. 24 Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. ЭЗЭН намайг зовлон шаналан бүхнээс аврах болтугай гэж хэлэв. 25 Дараа нь Саул, Давидад

 —Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно гэв. Ингээд Давид аянаа үргэлжлүүлж, Саул өөрийнхөө газар уруу буцав.