Саулын амийг Давид хэлтрүүлэв

24 1 Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцаж ирэхэд нь түүнд

 —Харагтун, Давид Енгедийн цөлд байна гэж мэдэгдэв. 2 Тэгээд Саул бүх Израилиас гурван мянган шилэгдсэн эрсийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хадан хавцлын урдуур явав. 3 Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд нэгэн агуй байсанд Саул шилбэ далдлахаар тийш оров. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байлаа. 4 Давидын хүмүүс өөрт нь

 —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав. 5 Үүний дараа Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа түүний зүрх сэтгэл ихэд зовов. 6 Тэрээр хүмүүстээ

 —Түүнийг ЭЗЭНий тосолсон хүн гэдгийг мэдсээр байж, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү үйлдэж, дахин гар сунгаж ийм хэрэг хийхийг ЭЗЭН надаас хол байлгаг гэж хэлэв. 7 Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав. 8 Үүний дараа Давид босож агуйгаас гараад Саулын араас дуудан

 —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт доош бөхийн мөргөв. 9 Давид, Саулд

 —Та юунд “Харагтун, Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгийг сонсоно вэ? 10 Харагтун, өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та өөрийн нүдээр харсан билээ. Зарим маань таныг алъя гэсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй. Учир нь тэр ЭЗЭНий тосолсон хүн” гэж хэлсэн билээ. 11 Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл нь миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна. 12 ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин би танд гар хүрэхгүй. 13 Эртний зүйр мэргэн үгэнд “Буруутнаас буруу л бултайх” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй. 14 Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой эсвэл нэг бөөсний араас хөөсөнтэй адил. 15 Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв. 16 Давид Саулд энэ үгсийг хэлсний дараа Саул

 —Миний хүү Давид энэ чиний дуу юу? гээд чангаар уйлав. 17 Тэр, Давидад

 —Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байтал би чамд бузар мууг санав. 18 ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй нь надад хичнээн сайныг үйлдсэнийг чинь өнөөдөр надад мэдүүллээ. 19 Өстөн дайснаа олчихоод зүгээр суллан явуулдаг хэн байна вэ? Тиймээс чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай! 20 Харагтун, чи хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ. 21 Миний дараа үлдэх миний үр удмыг чи таслан устгахгүй, миний нэрийг миний эцгийн гэрээс арчихгүй гэдгийг ЭЗЭНээр надад тангараглагтун гэж хэлэв. 22 Давид үүнийг Саулд тангараглав. Саул өөрийн гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт уруу явав.