Давид ба тавиг талх

21 1 Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех цочирдон дагжсаар Давидыг угтан очиж, түүнд

 —Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? гэж асуув. 2 Давид, тахилч Ахимелехт

 —Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” гэсэн тул залуустайгаа өөр нэгэн газарт уулзахаар болзсон гээд 3 одоо чиний гарт юу байна вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв. 4 Тахилч, Давидад

 —Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч тавиг талх бий бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэж хариулав. 5 Давид тахилч нарт

—Намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан хоёр гурав хоног эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч хүмүүсийн бие нь бузартаагүй. Өнөөдөр бүр ч илүү болох бус уу гэж хариу хэлэв. 6 Тиймд тахилч түүнд ариусгаснаас өгөв. Учир нь халуун талх тавихаар, ЭЗЭНий өмнөөс салгаж авсан тавиг талхнаас өөр талх түүнд байсангүй. 7 Тэр өдөр Саулын зарц нарын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч, едом хүн байв. 8 Давид Ахимелехт

 —Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэр зэвсгээ ч гартаа барьж ирсэнгүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэлээ. 9 Тэгэхэд тахилч

 —Үзэгтүн, Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илд нь ефодын ард даавуунд ороолттой байгаа. Хэрэв хүсвэл түүнийг өөртөө авагтун. Энд түүнээс өөр юм байхгүй гэж хэлэв. Давид

 —Тийм илдийг хаанаас ч олохгүй. Надад өгөгтүн гэв.

Давид Гат уруу зугтав

 10 Дараа нь Давид босож, тэр өдөр Саулаас зугтан Гатын хаан Ахиш уруу очив. 11 Гэтэл зарц нар нь Ахишт

 —Энэ хүн тэр нутгийн хаан Давид гэдэг нь биш үү? Тэд түүний тухай “Саул мянгыг, Давид түмийг алав” гэж дуулж бүжиглэдэг бус уу? гэцгээв. 12 Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд айж эмээв. 13 Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун галзуу солиотой юм шиг байж, хаалганы самбар дээр юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав. 14 Тэгэхэд Ахиш зарц нартаа

 —Та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над уруу авчрав? 15 Би галзуу солиотой хүнээр дутлаа гээд та нар миний өмнө энэ нэг юмыг үзүүлэхээр авчрав уу? Үүнийг миний гэрт оруулах гээ юү? гэж хэлэв.