Давид Кеилагийн хотуудыг аврав

23 1 Давидад

 —Харагтун, филистчүүд Кеилагийн эсрэг дайрч, үтрэмийг дээрэмдэж байна гэж мэдэгдэв. 2 Тэгээд Давид, ЭЗЭНээс лавлан

 —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? гэж асуухад ЭЗЭН, Давидад

 —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун гэж айлдав. 3 Гэтэл Давидын хүмүүс өөрт нь

 —Харагтун, бид энд Иудад байгаа атлаа айж байна. Хэрэв бид Кеила уруу филистчүүдийн цэргийн эсрэг явбал ямар их айх бол гэж хэлэв. 4 Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож

 —Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө гэж айлдав. 5 Ийнхүү Давид өөрийн хүмүүсийн хамт Кеилад очиж, филистчүүдтэй тулалдан тэдний мал сүргийг булаан тууж, филистчүүдийг үй олноор нь хядав. Ингэж Давид Кеилагийн оршин суугчдыг аврав. 6 Ахимелехийн хөвгүүн Абиатар Давид уруу Кеилад байхад нь зугтаж ирэхдээ гартаа ефод авчирсан байв. 7 Давид, Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр

 —Бурхан түүнийг миний гарт өгөв. Давид давхар хаалга, хөндөл бүхий хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ гэж хэлэв. 8 Ийнхүү Саул Кеила уруу явж, Давид болон түүний хүмүүсийг бүслэн дайтахаар бүх ард олныг дуудаж цуглуулав. 9 Саулыг өөрт нь хор хөнөөл хийх гэж байгааг Давид мэдсэн байлаа. Иймээс тахилч Абиатарт

 —Ефодыг авч ирэгтүн гэж хэлэв. 10 Тэгээд Давид

 —Израилийн Бурхан, ЭЗЭН минь ээ, Саул Кеилад ирж, надаас болж энэ хотыг устгах гэж байгаа гэдгийг Таны зарц лавтай сонслоо. 11 Кеилагийн хүмүүс намайг түүний гарт өгөх үү? Таны зарцын сонссоноор Саул хүрч ирэх үү? Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ эдгээрийг зарцдаа мэдүүлээч гэсэнд ЭЗЭН

 —Тэр ирнэ гэж айлдав. 12 Дараа нь Давид

 —Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН

 —Тэд чамайг өгнө гэж айлдав.

 13 Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүн босон Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов. 14 Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул, Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан, Давидыг Саулын гарт өгсөнгүй.

Давид Саулаас мултрав

 15 Давид Зифийн цөлд, Хорешд байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ. 16 Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Давидыг Бурханаар зоригжуулав. 17 Тэрээр Давидад

 —Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа гэж хэлэв. 18 Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.

 19 Тэгэхэд зифчүүд Гибеа дахь Саул дээр өгсөн ирж

 —Давид Иешимоны өмнө зүгт байрладаг Хахила довын Хореш дахь бэхлэлтэд бидний хамт нуугдаж байгаа бус уу? 20 Одоо тэгэхлээр хаан минь, сэтгэлийн хүсэлээ биелүүлж хүрч ирэгтүн. Харин бид түүнийг хааны гарт тушаана гэж хэлэв. 21 Саул

 —ЭЗЭН та нарыг ивээх болтугай. Учир нь та нар намайг өрөвдөн хайрласан билээ. 22 Одоо явж, илүү тодорхой болгон түүний очдог газар болон тэнд түүнийг харсан хүн бий эсэхийг сайтар шалгаж үзэгтүн. Тэр маш зальтай гэдгийг би сонссон. 23 Тиймээс харж, түүний хоргодон нуугдаж байгаа бүх газрын талаар мэдэж, баттай үнэн мэдээг аваад буцаж ирэгтүн. Тэр үед би та нартай хамт явъя. Хэрэв тэр энэ нутагт байгаа бол би түүнийг Иудагийн бүх мянгатын дотроос ч эрж хайя гэж хэлэв. 24 Ингээд тэд босож, Саулаас урьтан Зиф уруу явав. Давид бас түүний хүмүүс Иешимоны өмнө зүгт байрлах Арабад, Маоны цөлд байв. 25 Саул ба түүний хүмүүс Давидыг эрж хайхаар гарахад, энэ тухай Давидад мэдэгдсэнд тэрээр хадтай газар ирж, Маоны цөлд суув. Саул үүнийг сонсоод Маоны цөлд Давидыг мөшгөн хөөв. 26 Саул уулын нэг талаар Давид, түүний хүмүүс уулын нөгөө талаар явав. Саулаас мултран зайлах гэж Давид яарч байв. Саул ба түүний хүмүүс Давидыг хүмүүстэй нь хамт барихаар бүсэлж байтал 27 нэгэн элч Саулд ирж

 —Хурдан ирэгтүн. Филистчүүд нутаг уруу довтолж ирлээ гэж мэдэгдэв. 28 Ийнхүү Саул, Давидыг мөшгөхөө больж, филистчүүдийг угтан тулалдахаар явав. Ийм учраас тэд энэ газрыг

 —Зайлан зугтаалгасан хад гэж нэрлэжээ. 29Давид тэндээс явж Енгедийн бэхлэлтүүдэд хоргодов.