Самуелын дуудлага ба үйлчлэл

 3 1 Балчир хөвгүүн Самуел, Елигийн дор ЭЗЭНд үйлчилж байв. Тэр өдрүүдэд ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв. 2 Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд сайн харж чадахгүй болсон Ели өөрийнхөө газарт хэвтэж байх тэр цагт 3 Бурханы дэнлүү хараахан унтраагүй байсан агаад Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв. 4 ЭЗЭН, Самуелыг дуудахад

 —Би энд байна гэж тэр хэлэв. 5 Тэгээд тэр Ели уруу гүйж очин

 —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Харин Ели

  —Би дуудаагүй, буцаад хэвт гэсэнд Самуел яваад хэвтэв. 6 ЭЗЭН дахин

 —Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин

 —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели

 —Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвт гэв. 7 Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд илэрхийлэгдээгүй байжээ. 8 ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин

 —Та намайг дуудсан учир би энд байна гэв. Тэгэхэд Ели балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв. 9 Тиймээс Ели Самуелд

 —Яв, хэвтэж амар. Хэрэв Тэр чамайг дуудвал чи “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” гэж хариул гэв. Ингээд Самуел явж, байрандаа хэвтэв.

  10 Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил

 —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел

 —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв. 11 ЭЗЭН, Самуелд

 —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх ба үүнийг сонссон бүхний хоёр чих нь хангинах болно. 12 Тэр өдөр Би Ели дээр, түүний гэрийн эсрэг Өөрийн айлдсан бүхнээ эхнээс нь дуустал буулгана. 13 Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг хазаарлаагүй тул түүний мэдсэн хилэнцийн учир өөрийнх нь гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд хэлсэн билээ. 14 Тиймээс Би Елигийн гэрийн хилэнц нь өргөлөөр ч, тахилаар ч мөнхөд арчигдан цэвэрлэгдэхгүй гэж Елигийн гэрт андгайлав гэлээ. 15 Тэгээд Самуел өглөө хүртэл хэвтэв. Дараа нь ЭЗЭНий өргөөний хаалгыг тэр нээлээ. Самуел  энэхүү үзэгдлийг Елид ярихаас айв. 16 Тэгэхэд нь Ели, Самуелыг дуудаж

 —Миний хүү, Самуел аа гэв. Самуел

 —Би энд байна гэлээ. 17 Ели

 —Чамд айлдсан үг нь юу вэ? Надаас юу ч бүү нуу. Хэрэв чи Түүний чамд хэлсэн бүх үгнээс аль нэгийг нь нуувал, Бурхан чамд ийн үйлдэж, тийн нэмэг гэв. 18 Тэгэхэд Самуел юу ч нуулгүй үг бүрийг түүнд мэдүүлэв. Тэгээд Ели

 —Тэр ЭЗЭН мөн. Мэлмийдээ юу тааламжтай гэснээ Тэр үйлдэг! гэв. 19 Самуелыг өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй. 20 Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг Данаас Беершеба хүртэлх Израиль даяар мэдэв. 21 ЭЗЭН, Шилод үзэгдэж байсан бөгөөд Шилод Өөрийнхөө үгээр Өөрийгөө Самуелд илчилсэн юм.