Саул аммончуудыг ялав

11 1 Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэн хуарагнав. Иабешийн бүх эрс Нахашт

 —Бидэнтэй гэрээ байгуулаач, бид танд үйлчилье гэцгээв. 2 Харин аммон хүн Нахаш тэдэнд

 —Би та нартай дараах нөхцөлд гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг би ухаж аваад, бүх Израильд шившиг авчирна гэж хариулав. 3 Иабешийн ахмадууд түүнд

 —Израилийн нутаг даяар элч нарыг явуулахын тулд бидэнд долоо хоногийн хугацаа өгөгтүн! Хэрэв биднийг аврах хүн олдохгүй бол бид чам уруу гарч очъё гэв. 4 Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүний сонорт энэ үгсийг дуулгасанд ард олон бүгд дуугаа өндөрсгөн уйлалдав. 5 Тэгэхэд Саул үхрээ туун талбайгаас буцаж ирж байв. Саул

 —Хүмүүс юунд уйлалдаад байна вэ? гэсэнд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв. 6 Энэ үгсийг сонсоод Бурханы Сүнс Саулын дээр бууж, түүний уур хилэн ихэд дүрэлзэв. 7 Тэр хос буулгатай үхрүүдийг авч цавчин хуваагаад, элч нарын гараар Израилийн нутаг дэвсгэр даяар илгээж

 —Саул болон Самуелын араас үл дагагчийн үхэр үүнтэй адил болно гэж хэлүүлэв. Ард олныг ЭЗЭНээс эмээхүй нөмөрсөнд тэд нэгэн хүн мэт ирцгээв. 8 Саул тэднийг Безект тоолов. Израилийн хөвгүүд гурван зуун мянга, Иудагийн эрчүүд гучин мянга байв. 9 Тэд ирсэн элч нарт

 —Иабеш-гилеадын хүмүүст “Маргааш нар хурцаар шарж эхлэхэд та нарт аврал тусламж очих болно” гэж хэлэгтүн гэв. Тийнхүү элч нар буцаж ирэн Иабешийн хүмүүст мэдэгдэхэд тэд баярлав. 10 Тэгээд Иабешийн эрс

 —Маргааш бид та нар уруу гарч очно. Та бидэнд тааллаараа л үйлдэгтүн гэв. 11 Дараа нь өдөр Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуарангийн голд цөмрөн орж, өдрийн халуу шатах хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.

 12 Тэгэхэд ард олон Самуелд

 —Саул бидний хаан болох юм уу? гэж хэлсэн хүн хэн бэ? Тэр хүмүүсийг нааш нь өг! Бид тэднийг алах болно гэлцэв. 13 Гэвч Саул

 —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН, Израильд авралыг өгсөн гэв. 14 Тэгээд Самуел ард олонд

 —Явцгаая, Гилгал өөд өгсөцгөөе. Тэнд очин хаанчлалыг шинэчилцгээе гэлээ. 15 Тийнхүү бүх ард түмэн Гилгал уруу явж, тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд бас ЭЗЭНий өмнө эвийн тахилуудыг нядалж, тэнд Саул болон Израилийн бүх хүн асар ихээр баярлацгаав.