10 1 Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд

 —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо. 2 Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины хилийн Зелзад буй Рахелын булшны дэргэд хоёр хүнийг олж уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан эм илжигнүүдийг олсон билээ. Харагтун, эцэг чинь эм илжигнүүдийнхээ асуудлыг орхиод «Би хүүгээ яах вэ?» гэсээр та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно. 3 Чи тэндээс цааш дамжин явж, Таборын царс мод уруу очоод тэнд Бетел дэх Бурхан өөд явж буй гурван хүнийг олж харна. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван дугуй талх, гурав дахь нь нэг тулам усан үзмийн дарс аваад явж байгаа. 4 Тэд чиний амар мэндийг асууж, чамд хоёр талх өгнө, үүнийг нь чи тэдний гараас авах ёстой. 5 Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно. 6 Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө. 7 Бурхан чамтай хамт байх тул эдгээр тэмдгүүд чамд ирэхэд гарт чинь юу олдоно түүнийгээ үйлд. 8 Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудагтун. Харагтун, би шатаалт тахилууд тахиж, эвийн тахилуудыг нядлахаар чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очиж, хийх бүгдийг зааж өгтөл чи тэнд долоо хоног хүлээгтүн гэж хэлжээ.

Саул эш үзүүлэв

 9 Самуелыг Саулаас салж явахаар эргэх тэр үед Бурхан, Саулын зүрхийг өөрчилж, тэр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгджээ. 10 Тэд нөгөө довцогт хүрчээ. Харагтун, хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв. 11 Саулыг урьд өмнө таньдаг байсан бүх хүн, харагтун, түүнийг эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад

 —Кишийн хөвгүүн юу болов? Саул бас эш үзүүлэгчдийн дунд байна уу? гэж өөр хоорондоо ярилцав. 12 Тэнд байсан нэг хүн хариулан

 —Тэдний эцэг нь хэн билээ? гэв. Тиймээс

 —Саул ч бас эш үзүүлэгчдийн дунд байна уу? гэдэг ёгт үг гарчээ. 13 Саул эш үзүүлж дуусаад, мөргөлийн өндөрлөг дээр ирэв. 14 Саулын авга ах, зарц тэр хоёроос

 —Та нар хаашаа явав? гэхэд Саул

 —Эм илжигнүүдээ хайхаар явлаа. Тэд хаана ч байхгүйг хараад Самуел дээр очоод ирлээ гэж хариулав. 15 Саулын авга ах нь

 —Самуелын та нарт юу хэлснийг надад ярьж өгнө үү гэхэд 16 Саул, авга ахдаа

 —Эм илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэлээ. Гэвч Самуелын дурдаж ярьсан хаанчлалын талаар Саул түүнд хэлсэнгүй.

Саулыг хаанаар тунхаглав

 17 Самуел ард олныг ЭЗЭН дээр Мизпад дуудан цуглуулж, 18 Израилийн хөвгүүдэд

 —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн гараас болон дарангуйлж байсан бүх хаанчлалын гараас аварсан билээ.” 19 Гэтэл бүхий л гай гамшиг, зовлон шаналангаас чинь аварсан өөрсдийнхөө Бурханыг та нар өнөөдөр үл хэрэгсэн түлхэж, “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тиймээс одоо Бурханы өмнө овог ба мянга түмээрээ зогсогтун гэж хэлэв. 20 Ингээд Самуел Израилийн бүх овгийг дуудуулж ойртуулахад Бениамины овог шавгаар тунав. 21 Тэр Бениамины овгийг ургаар нь ойртуулсан бөгөөд Матрийн ураг тунасан билээ. Тэгээд Кишийн хөвгүүн Саул тунав. Харин тэд Саулыг эрж хайсан боловч олсонгүй. 22 Тиймээс тэд ЭЗЭНээс

 —Тэр хүн энд ирсэн үү? гэж лавлаж асуув. ЭЗЭН

 —Харагтун, тэр хөсгөн дотор нуугдаж байна гэв. 23 Хүмүүс гүйн очиж, түүнийг тэндээс дагуулан ирэв. Саул ард олны дунд зогсоход, бүх хүмүүсээс толгой илүү өндөр байв. 24 Самуел ард түмэнд

 —За, ЭЗЭН хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу гэв. Тиймээс ард олон бүгд баярлан уухайлж

 —Хаан мандтугай! гэв. 25 Тэгээд Самуел ард олонд хаанчлалын эрхийг хэлж, тэдгээрийг номд бичин ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэр уруу нь явуулав. 26 Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа явлаа. Бурхан, сэтгэл зүрхийг нь хөдөлгөсөн зоригт дайчин эрс түүнтэй явжээ. 27 Харин үл бүтэх зарим хүмүүс

 —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.