7

1 “Ялын тахилын хууль ийм болой. Энэ нь ариунаас ариун бөлгөө. 2 Шатаалт тахилыг нядалдаг газар тэд ялын тахилыг нядалж, цусыг нь тахилын ширээг тойруулан цацах ёстой. 3 Тэр үүнээс бүх өөхийг нь буюу сүүл, сэмж, 4 хоёр бөөрийг түүний дээрх, ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөх ёстой. 5 Тахилч эдгээрийг ЭЗЭНд галан тахил болгон тахилын ширээн дээр шатааг. Энэ нь ялын тахил болой. 6 Тахилч нарын эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Үүнийг ариун газарт идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой.

7 Ялын тахил нь нүглийн тахилтай адил нэг л хуультай болой. Үүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч үүнийг авна. 8 Хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч нь өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна. 9 Зууханд жигнэсэн идээн өргөл бүр мөн саванд эсвэл хайруулын тавган дээр хийсэн болгон нь үүнийг өргөх тахилчийнх болой. 10 Тосонд багсарсан эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд, ах дүү тусбүрд тэнцүү ногдоно.

Эвийн тахилын заавар

11 ЭЗЭНд өргөх эвийн тахилуудын нядлах тахилын хууль ийм болой. 12 Хэрэв тэр үүнийг талархсандаа өргөх бол талархлын тахилтай хамт тосонд багсарсан боов, тос түрхсэн исгээгүй бин, тостой сайтар багсарсан сайн гурилан боовыг өргөх ёстой. 13 Эвийн тахилуудынхаа талархлын тахилд тэрээр бинтэй хамт исгэсэн талхыг өргөл болгон өргөг. 14 Тэр өөрийн бүхэл өргөлөөс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргөг. Энэ нь эвийн тахилуудын цусыг цацсан тахилчид ногдох болой. 15 Талархалд зориулсан эвийн тахилуудын нядлах тахилын махыг өргөсөн өдөрт нь идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй. 16 Харин өргөл тахил нь ам өчиг буюу сайн дурынх байх аваас тэр хүн үүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэх ёстой бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болно. 17 Гэвч тахилын махны үлдэгдлийг гурав дахь өдөр галд шатаах ёстой. 18 Эвийн тахилуудын нядлах тахилын ямар ч махыг гурав дахь өдөр нь идэх аваас энэ нь хүлээн авагдахгүй мөн өргөсөн хүн ч зохистойд тооцогдохгүй. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнээс идсэн хүн хилэнцээ үүрнэ.

19 Аливаа бузар зүйлд хүрсэн махыг идэх ёсгүй, харин галд шатаах ёстой. Бусад махны хувьд цэвэр хүн тийм махыг идэж болно. 20 Харин ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махыг бузартсан байхдаа идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана. 21 Мөн хүний бузар эсвэл бузар амьтан эсвэл жигшүүрт зүйл гэх зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махнаас идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана” гэв.

22 ЭЗЭН, Мосед айлдахдаа

23 Израилийн хөвгүүдэд “Та нар үхэр, хонь, ямааны аливаа өөхийг бүү идэгтүн. 24 Үхдэлийн юмуу сэгчүүлж тасчуулсан амьтны өөхийг ямарваа өөр үйлсэд хэрэглэж болох хэдий ч та нар үүнийг бүү ид, идэж болохгүй. 25 ЭЗЭНд галаар өргөсөн өргөл амьтны өөхийг хэн нэгэн идвэл, идсэн тэр хүн ард олноосоо таслагдана. 26 Та нар амьдарч буй аль ч газартаа шувууных ч бай, амьтных ч бай ямар ч цусыг бүү идэгтүн. 27 Аливаа цусыг идсэн хүн байвал уг хүн ард олноосоо таслагдах болой” гэж хэл хэмээв. 28 ЭЗЭН, Мосед айлдахдаа

29 Израилийн хөвгүүдтэй ярин “ЭЗЭНд эвийн тахилуудын нядлах тахилаа өргөж буй хүн эвийн тахилуудын нядлах тахилаасаа ЭЗЭНд өргөлөө авчрагтун. 30 Тэрээр ЭЗЭНд галан тахилыг өөрийнхөө гараар авчрах ёстой. Тэрээр өвчүүг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллаж, өөхийг өвчүүний хамт авчрах ёстой. 31 Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаана, харин өвчүү нь Аарон ба түүний хөвгүүдэд ногдох болой. 32 Та нар эвийн тахилуудын нядлах тахилуудаасаа баруун гуяыг хандив болгон тахилчид өгөх ёстой. 33 Аароны хөвгүүд дотроос, эвийн тахилуудын цус болон өөхийг өргөж буй нэгний хувиар баруун гуя ногдоно. 34 Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас Би даллах өргөлийн өвчүү болон хандивын гуяыг авч, эдгээрийг Израилийн хөвгүүдээс тахилч Аарон болон түүний хөвгүүдэд улиран үргэлжлэх хувь ногдол болгон өгсөн билээ. 35 Энэ нь тахилчийн албанд Аарон болон хөвгүүдийг нь ЭЗЭНд үйлчлүүлэхээр өргөсөн өдөрт ЭЗЭНд галан тахилуудаас тэдэнд ариусгагдсан хувь болой. 36 ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт Израилийн хөвгүүдээс тэдэнд эдгээрийг өгөхийг тушаасан юм. Энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх хувь ногдол болой” гэж хэл хэмээлээ.

37 Эдгээр нь шатаалт тахил, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил, томилгооны ёслолын тахил, эвийн тахилуудын нядлах тахилын хууль бөгөөд 38 ЭЗЭНд өргөлүүдээ өргөх тушаалыг Синаин цөлд байхдаа Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдрөө ЭЗЭН үүнийг Синаи уулнаа Мосед тушаасан билээ.