Ёслол ба ёс суртахуун ариун байх нь

19 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа

2 Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун. 3 Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Шүтээнүүдэд бүү ханд, өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хий. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. 5 ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахилыг тахихдаа та нар үүнийгээ хүлээн авагдахуйцаар тахигтун. 6 Үүнийг өргөсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэнийг галд шатаах ёстой. 7 Хэрэв үүнийг гурав дахь хоног дээр идэх аваас тэр нь бузар агаад хүлээн авагдахгүй. 8 Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой. 9 Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй. 10 Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН. 11 Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур. 12 Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла, Бурханыхаа нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН. 13 Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй.14 Чи дүлий хүнийг бүү хараа, сохор хүний урд бүдрүүлэх зүйл бүү тавь, харин Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН. 15 Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү. 16 Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН. 17 Ах дүүгээ зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэ. Тэгвэл чи өөрөө гэм нүгэл үүрэхгүй.18 Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН. 19 Та нар Миний зарлигуудыг сахигтун. Малаа өөр төрлийн малтай бүү эвцэлдүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн утсаар буюу маалинга ба ноос хольж хийсэн хувцас бүү өмс. 20 Хэрэв өөр хүнд өгөхөөр амласан, харин өнөөх хүн үнийг нь хараахан төлөөгүй бөгөөд тэрээр эрх чөлөөтэй болоогүй тийм боол эмэгтэйтэй эр хүн хурьцсан байвал тэд шийтгүүлэх ёстой. Гэхдээ эмэгтэй нь чөлөөт бус учраас тэд алуулахгүй. 21 Эрэгтэй ялынхаа тахилд ЭЗЭНд уулзалтын майхны үүдэнд хуцыг авчирна. 22 Түүний үйлдсэн нүглийн улмаас тахилч ялын тахилын хуцаар түүний төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд үйлдсэн нүгэл нь уучлагдах болой. 23 Та нар тэр нутагт ороод бүх төрлийн жимст моднуудыг тарихдаа үр жимсийг нь цээртэй гэж тооцож,гурван жилийн турш тэдгээрийг цээртэй гэж үзэх ёстой. Үүнийг бүү ид. 24 Гэвч дөрөв дэх жилд бүх үр жимс нь ЭЗЭНд магтаалын ариун өргөл болой. 25 Тав дахь жилдээ та нар үр жимсийг нь идэж болно. Ийнхүү та нарт үр жимс нь улам нэмэгдэнэ. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. 26 Та нар цустай юм бүү ид. Мэргэ төлгө эсвэл ид шидээр бүү оролд.27 Толгойгоо тойруулан үсээ бүү захал, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд. 28 Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа зүсэлтийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би ЭЗЭН. 29 Охиноо садар самуун болгож бүү гутаа. Эс тэгвэл нутаг орон чинь садар самуунд унаж, булай явдлаар дүүрэх вий. 30 Миний Амралтын өдрийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би ЭЗЭН. 31Сүнс дуудагчид уруу бүү эргэ, мэргэ төлгөчдийг бүү эрж хай. Тэднээр бүү бузарлагд. Та нарын Бурхан ЭЗЭН Би. 32 Буурлын өмнө босон зогсож, настанг дээдэлж, Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН билээ. 33 Нутагт чинь ирмэл хүн та нартай хамт суурьших аваас түүнийг бүү дарла. 34 Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египет нутагт ирмэл хүмүүс байсан билээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. 35 Хэмжээс, жин, хэмжүүрийн дэнслэлд шударга бусаар бүү үйлд.36 Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би та нарыг Египет нутгаас гарган авчирсан, Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. 37 Ингэж та нар Миний бүх зарлигууд болон Миний бүх шийдвэрүүдийг сахин үйлд. Би ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.