Ариуныг зөрчсөний шийтгэл

201 ЭЗЭН, Мосед айлдахдаа

2 Чи Израилийн хөвгүүдэд “Израилийн хөвгүүдээс эсвэл Израильд түр сууж буй аливаа ирмэл хүн үр удмаасаа Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна. 3 Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. 4 Хэрэв үр удмаасаа Молехт өгөхөд нь нутгийн ард олон нь түүнийг үхүүлэлгүй, энэ хүний хажуугаар нүдээ аниад аниад гарвал 5 Би Өөрөө тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг нүүрээ хандуулах бөгөөд түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно. 6 Сүнс дуудагчид, мэргэ төлгөчидтэй садарлахаар тэдэн уруу эргэсэн хүний хувьд, Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно. 7 Та нар өөрсдийгөө ариусган зориулж, ариун бай. Учир нь ЭЗЭН Би та нарын Бурхан. 8 Та нар Миний зарлигуудыг сахин хийгтүн. Та нарыг ариусгах ЭЗЭН бол Би. 9 Эцгээ эсвэл эхээ хараах хүн байх аваас тэр гарцаагүй алуулаг. Тэрээр эцэг, эхээ хараасан бөгөөд өөрийн цусыг өөрөө хариуцна. 10 Өөр хүний эхнэртэй завхайрсан хүн мөн хөршийнхөө эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулаг. 11 Эцгийнхээ эхнэртэй унтсан хүн эцгийнхээ нүцгэн биеийг гаргасантай адил тул тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой бөгөөд өөрсдийнхөө цусыг тэд өөрсдөө хариуцна. 12 Хэрэв бэртэйгээ унтсан хүн байх аваас тэд хоёулаа гарцаагүй алуулаг. Тэд гаж явдалтнууд бөгөөд өөрсдийнхөө цусыг тэд өөрсдөө хариуцна. 13 Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагтай адилаар эр хүйстэнтэй унтсан байх аваас тэд хоёулаа жигшүүрт зүйл үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулаг. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна. 14 Хэрэв эмэгтэй болон түүний эхтэй хоёулантай нь гэрлэсэн хүн байх аваас энэ нь булай явдал бөгөөд та нарын дунд ямар ч булай юм байлгахгүйн тулд тэр хүнийг мөн тэднийг галд шатаах ёстой. 15 Хэрэв амьтантай явалддаг хүн байх аваас түүнийг гарцаагүй алагтун. Тэр амьтныг ч мөн алагтун. 16 Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд ойртон очдог эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон амьтныг нь алагтун. Тэд гарцаагүй алуулах бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна. 17 Хэрэв хүн эцгийнхээ эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, түүний нүцгэн биеийг харж мөн тэр эмэгтэй ч түүний нүцгэн биеийг харах аваас энэ нь ичгүүрт зүйл бөгөөд тэд ард түмнийхээ хөвгүүдийн нүдний өмнөөс таслагдаг. Тэрээр эгч дүүгийнхээ нүцгэн биеийг гаргасан бөгөөд хилэнцээ өөрөө хариуцна. 18 Хэрэв зовууртай эмэгтэйтэй унтан нүцгэн биеийг нь гаргасан хүн байх аваас тэрээр эмэгтэйн шүүрдсийг гаргасан бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны шүүрдсийг ил гаргасан тул тэд хоёулаа ард олныхоо дундаас таслагдаг. 19 Та нар нагац эгч эсвэл авга эгчийнхээ нүцгэн биеийг гаргах ёсгүй. Ийм нэгэн нь цусан төрөлөө нүцгэлдэг бөгөөд тэд хилэнцээ өөрөө хариуцна. 20 Хэрэв авгынхаа эхнэртэй унтаж, авгынхаа нүцгэн биеийг гаргавал тэд гэм нүглээ үүрч үр хүүхэдгүй үхэцгээнэ. 21 Хэрэв ах дүүгийнхээ эхнэрийг авсан хүн байх аваас энэ нь жигшүүрт бузар зүйл бөгөөд тэр хүн ах дүүгийнхээ нүцгэн биеийг гаргасантай адил юм. Тэд үр хүүхэдгүй байх болно. 22 Миний та нарыг амьдруулахаар аваачиж буй нутаг нь та нарыг бөөлжин гаргахгүйн тулд та нар Миний бүх зарлиг, бүх шийдвэрийг сахин үйлдэгтүн. 23 Та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар бүү дага. Учир нь энэ бүх зүйлийг хийснээс нь болж Би тэдэнд зэвүүцсэн юм. 24 Харин Би «Та нар сүү балаар бялхсан тэдний нутгийг эзэмших бөгөөд Би Өөрөө та нарт эзэмшүүлэхээр тэр нутгийг өгөх болно» гэж та нарт айлдсан. Та нарыг үндэстнүүдээс тусгаарласан та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. 25 Та нар цэвэр болон бузар амьтныг, бузар болон цэвэр шувууг ялгаж салгагтун. Миний бузар хэмээн салгасан амьтнаар эсвэл шувуугаар эсвэл газраар мөлхөгч аливаа бүхнээр та нар өөрсдийгөө жигшил бүү болго. 26 ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун. 27Сүнс дуудагч болон мэргэ төлгөч эр, эм хүн гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулуудах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэж хэлэгтүн гэв.