ЭЗЭНий баярын өдрүүд

23 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа

2 Израилийн хөвгүүдтэй ярин “ЭЗЭН Миний баярууд буюу ариун цуглаанууд хэмээн та нарын зарлах баярууд эдгээр болой.

Амралтын өдөр, Алгасал, Исгээгүй талхны баяр

3 Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун цуглаан болой. Та нар ямар ч ажлыг бүү хий. Энэ нь амьдрах бүх газарт чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм. 4 Эдгээр нь ЭЗЭНий баярууд буюу ариун цуглаанууд бөгөөд та нар товлосон цагт үүнийг зарлан дуудах ёстой. 5 Эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Алгасал болно. 6 Харин уг сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй талхны баяр бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх идэх ёстой.7 Эхний өдөр нь та нар ариун цуглаантай байх бөгөөд ямар ч ажил бүү хий. 8Долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галан тахил өргө. Долоо дахь өдөр нь та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ямар ч ажил бүү хий” гэж хэлэгтүн гэв.

Анхны үр жимсийг өргөхүй

9 ЭЗЭН, Мосед айлдахдаа

10 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд “Миний та нарт өгч буй нутагт ирж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун. 11 Та нар хүлээн авагдахын тулд уг багцыг тэрээр ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана. 12 Багцыг даллах өдөртөө та нар согоггүй эр хургыг шатаалт тахилыг ЭЗЭНд өргө. 13 Үүний идээн өргөл буюу тааламжит үнэрт, ЭЗЭНд өргөх галан тахил нь тосонд багсарсан ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурил байх бөгөөд үүний ундаан өргөл нь хинийн дөрөвний нэг хэмжээтэй дарс байх болой. 14 Бурхандаа тахил авчрах тэр өдрийг хүртэл та нар талх ч, хуурсан болон шинэ үр тариа ч бүү идэгтүн. Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.

Долоо хоногуудын баяр

(Тоо 28:26–31)

15 Амралтын өдрийн дараах өдрөөс буюу даллан өргөх багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар долоон бүтэн долоо хоногийг тоол.16Долоо дахь Амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар тавь хоногийг тоолоод, ЭЗЭНд шинэ идээн тахил өргө. 17 Амьдрах газраасаа та нар ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурилаар хөрөнгөтэй жигнэн хийгдсэн хоёр талхыг даллах өргөлд зориулан авчир. Тэр нь ЭЗЭНд анхны үр жимс болой. 18 Талхтай хамт та нар согоггүй долоон эр хургыг, үхэр сүргийн төл бух мөн хоёр хуц өргө. Тэдгээр нь идээн өргөл, ундаан өргөлүүдийнхээ хамт ЭЗЭНд шатаалт тахил буюу ЭЗЭНд тааламжит үнэрт, галан тахил болой. 19 Түүнчлэн та нар ямаан дундаас нэг ухныг нүглийн тахилд мөн хоёр эр хургыг эвийн тахилын нядлах тахилд тахигтун. 20 Тахилч эднийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллах ёстой. Энэ нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун болой. 21 Тэр өдрөө та нар ариун цуглааныг зарлан цуглуул. Ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь амьдрах бүх газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. 22 Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах эсвэл ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг түүж цуглуулах ёсгүй. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст үлдээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ” гэж хэлэгтүн гэв.

Бүрээдэлтийн өдөр

(Тоо 29:1–6)

23 ЭЗЭН, Мосед айлдахдаа

24 Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын эхний өдөр та нар бүрээдэлтээр сануулах бүтэн амралт, ариун цуглааныг сахь. 25 Та нар ямар ч хар ажил бүү хий, харин ЭЗЭНд галан тахил өргөгтүн” гэж хэл хэмээв.

Эвлэрүүлгийн өдөр

( Тоо 29:7-11)

26 ЭЗЭН, Мосед айлдахдаа

 — 27 Уг долоо дахь сарын аравны өдөр эвлэрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болой. Та нар сэтгэлээ номхтгож ЭЗЭНд галан тахил өргөгтун. 28 Энэ нь Бурхан ЭЗЭНий чинь өмнө та нарт эвлэрүүллийг хийх эвлэрүүлгийн өдөр учир энэ өдөр та нар ямар ч ажил бүү хий. 29 Энэ өдөр сэтгэлээ номхтгоогүй аливаа хүн ард олноосоо таслагдана. 30 Энэ өдөр ямар нэгэн ажил хийсэн хүний тухайд, тэр хүнийг Би ард олных нь дундаас устгах болно. 31 Та нар ямар ч ажил бүү хий. Энэ нь бүх амьдрах газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. 32 Энэ нь та нарт бүрэн амрах Амралтын өдөр бөгөөд та нар сэтгэлээ номхтго. Уг сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахигтун гэв.

Майхан баяр

(Тоо 29:12–40)

33 ЭЗЭН, Мосед айлдахдаа

34 Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын арван тавнаас долоо хоногийн турш ЭЗЭНд Майхан баяр болой. 35 Эхний өдөр ариун цуглаан бөгөөд та нар ямар ч хар ажил бүү хийгтүн. 36Долоо хоногийн турш та нар ЭЗЭНд галан тахил өргө. Найм дахь өдөр нь ариун цуглаантай бөгөөд ЭЗЭНд галан тахил өргө. Энэ нь тусгай чуулаан тул та нар ямар ч хар ажил хийх ёсгүй. 37 Эдгээр нь тус тусын өдөрт шатаалт тахил, идээн өргөл, нядлах тахил, ундаан өргөлүүд зэрэг ЭЗЭНд галан тахил өргөхөөр ариун цуглаануудыг зарлах ЭЗЭНий товлосон баяр наадмууд болой. 38 Эдгээр нь та нарын ЭЗЭНд өгөх ЭЗЭНий Амралтын өдрүүд, та нарын бэлгүүд, бүх ам өчгийн өргөл болон сайн дурын бүх өргөлөөс тусдаа байх болой. 39 Харин долоо дахь сарын арван тавны өдөр газрын үр жимсийг хураачихаад та нар ЭЗЭНий баярыг долоо хоногоор тэмдэглэ. Эхний өдөр болоод найм дахь өдөр Амралтын өдөр болой. 40 Эхний өдөр та нар тансаг модны анхны үр жимс, далдуу модны мөчир, навчит модны салаа, голын бургасыг авч, долоо хоногоор Бурхан ЭЗЭНийхээ өмнө баясан цэнгэгтун. 41 Үүнийг ЭЗЭНд баяр болгон жилд нэг долоо хоног тэмдэглэгтүн. Энэ нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Үүнийг долоо дахь сард тэмдэглэгтүн. 42 Та нар долоо хоног майханд амьдар. Аливаа унаган израиль хүн майханд амьдрах ёстой. 43 Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гарган авчрахдаа Би тэднийг майханд амьдруулсныг танай хойч үеийнхэн үүгээр мэдэх юм. Би ЭЗЭН, та нарын Бурхан” гэж хэлэгтүн гэв. 44 Ингээд Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий баяруудыг тунхаглав.