Надаб Абиху хоёр

10

1 Аароны хөвгүүд Надаб, Абиху нар өөр өөрсдийн бойпрыг авч, дотор нь гал хийгээд дээр нь утлагат тахилыг тавьж өөрсдөд нь ЭЗЭНий тушаагаагүй ёс бус галыг Түүний өмнө өргөв. 2 ЭЗЭНээс гал гарч ирэн тэднийг залгиж, тэд ЭЗЭНий өмнө үхэцгээв. 3 Тэгтэл Мосе, Ааронд

“Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж,

бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно”

гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.

4 Аароны авга ах Уззиелийн хөвгүүд Мишаел, Елзафан нарыг Мосе дуудаж, тэдэнд

—Урагш гарч ирэн ах дүүсээ ариун газрын өмнөөс, хуарангийн гадагш аваач гэлээ. 5 Тиймээс тэд урагш гарч ирэн Мосегийн хэлсэн ёсоор өнөө хоёрыг дээлтэй нь хуарангийн гадна аваачив.

6 Тэгээд Ааронд болон түүний хөвгүүд Елеазар, Итамар нарт Мосе

—Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд даяар хотол түмний эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын ах дүүс болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНий шатаасан тэрхүү шатагсдын хойноос уйлан гашуудаг. 7 Та нар уулзалтын майхны үүднээс гадагш бүү гар, эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос та нар дээр байна гэлээ. Ингээд тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв. 8 ЭЗЭН, Ааронд айлдахдаа

9 Үхэхгүйн тулд чи мөн чамтай хамт буй хөвгүүд чинь уулзалтын майханд ирэхдээ дарс ч, сархад ч бүү уугтун. Энэ нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг бөгөөд 10 та нараар ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд 11 мөн Израилийн хөвгүүдэд Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигийг өөрсдөд нь сургахын тулд юм гэлээ. 12 Тэгээд Аарон ба түүний үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нартай Мосе ярин

—ЭЗЭНд өргөх галан тахилуудаас үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг тахилын ширээний хажууд, исгэлгүйгээр идэх ёстой. Учир нь ариунаас ариун нь энэ юм. 13 ЭЗЭНд өргөх галан тахилуудаас энэ нь чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт идэгтүн. Надад ингэж тушаасан юм. 14 Харин даллан өргөх өвчүү, хандивын гуя зэрэг нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас чиний ба хөвгүүдийн чинь хувь болж өгөгдсөн учир чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь үүнийг цэвэр газарт идэгтүн. 15 Тэд хандивын гуя, даллан өргөх өвчүүг галаар өргөх өөхтэй хамт ЭЗЭНий өмнө даллан өргөсөөр авчрах ёстой. ЭЗЭНий тушаасан ёсоор энэ нь чамд болон чамтай хамт буй хөвгүүдэд чинь улиран үргэлжлэх хувь ногдол болой гэв.

16 Харин Мосе нүглийн тахилын ямааг эрж хайтал, харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс Аароны үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нарт тэр уурлан

17 Та нар юунд нүглийн тахилыг ариун газарт идсэнгүй вэ? Энэ нь ариунаас ариун агаад хотол түмний хилэнцийг үүрүүлж, тэдэнд эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр та нарт өгөгдсөн. 18 Харагтун, үүний цус дотоод ариун газарт аваачигдаагүй бөгөөд та нар үүнийг миний тушаасан ёсоор ариун газарт идэх ёстой байсан гэлээ. 19 Гэвч Аарон, Мосед

—Харагтун, тэд өнөөдөр ЭЗЭНий өмнө нүглийн тахил болон шатаалт тахилаа өргөсөн. Гэсэн ч надад ийм зүйл тохиолдлоо. Хэрэв би өнөөдөр нүглийн тахилыг идсэн бол ЭЗЭНий мэлмийд таалагдах байсан гэж үү? гэлээ. 20 Энэ нь Мосегийн мэлмийд таатай байв.