Бэлгийн харьцааны тухай

181 ЭЗЭН, Мосед айлдахдаа

2 Израилийн хөвгүүдтэй ярин “Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. 3 Та нар өөрсдийн амьдарч байсан Египет нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Мөн та нарыг Миний аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний тогтоолуудаар та нар явах ёсгүй. 4 Та нар шийдвэрүүдийг минь хэрэгжүүлэн зарлигуудыг минь сахиж, эдгээрийн дотор явагтун. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. 5 Та нар Миний зарлиг, Миний шийдвэрүүдийг сахигтун. Эдгээрийг үйлддэг хүн эдгээрээр амьдарна. Би ЭЗЭН. 6 Та нарын хэн нь ч нүцгэн биеийг нь гаргах гэж цусан төрөлдөө ойртож үл болно. Би ЭЗЭН. 7 Эцгийн чинь нүцгэн бие болох эхийнхээ нүцгэн биеийг чи гаргаж болохгүй. Тэр чиний эх мөн бөгөөд чи түүний нүцгэн биеийг гаргах ёсгүй. 8 Чи эцгийнхээ эхнэрийн нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэр нь эцгийн чинь нүцгэн бие болой.9 Гэрт чинь ч эсвэл гадуур ч төрсөн бай, чи эцгийнхээ охин эсвэл эхийнхээ охин буюу эгч дүүгийхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. 10 Ач эсвэл зээ охиныхоо нүцгэн биеийг ч чи гаргаж болохгүй. Учир нь тэд бол өөрийн чинь нүцгэн бие юм. 11 Эцэгт чинь төрсөн, эцгийн чинь эхнэрийн охин нь чиний эгч дүү болдог учир түүний нүцгэн биеийг гаргаж болохгүй. 12 Чи авга эгчийнхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэрээр эцгийн чинь ойрын төрөл юм.13 Чи нагац эгчийнхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэрээр эхийн чинь ойрын төрөл юм. 14 Чи авга ахынхаа нүцгэн биеийг гаргаж болохгүй. Мөн түүний эхнэрт ч бүү ойрт. Тэрээр чиний авга бэргэн болой. 15 Чи бэрийнхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэрээр хүүгийн чинь эхнэр учир чи түүний нүцгэн биеийг бүү гарга. 16 Чи бэргэнийхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Энэ нь ахын чинь нүцгэн бие юм. 17 Чи эмэгтэйг бас охиныг нь хоёуланг авч, нүцгэн биеийг нь гаргаж болохгүй мөн түүний ач эсвэл зээ охины ч нүцгэн биеийг гаргахаар бүү ав. Тэд ойрын төрөл бөгөөд ингэх нь булай явдал юм. 18 Чи эхнэрийгээ амьд байхад нь түүний эгч дүүтэй гэрлэн нүцгэн биеийг нь гаргаж, тэднийг өрсөлдөгчид бүү болго. 19 Мөн сарын тэмдгийн бузартлынх нь үеэр эмэгтэйн нүцгэн биеийг гаргах гэж чи түүнд бүү ойрт. 20 Чи хөршийнхөө эхнэртэй хурьцаж, түүнээс болж бүү бузарлагд. 21 Мөн үр удмаа Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи Бурханыхаа нэрийг бүү гутаа. Би ЭЗЭН. 22 Эмэгтэйтэй хавьтах адил чи эр хүйстэнтэй бүү хавьт. Энэ нь жигшүүрт зүйл юм.23 Аливаа амьтантай хавьтаж, түүгээр бүү бузарлагд. Мөн эмэгтэй хүн амьтантай хавьтахаар түүний өмнө зогсох ёсгүй. Энэ нь гаж явдал болой. 24 Эдгээр зүйлийн аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла. Учир нь та нарын өмнөөс Миний хөөж байгаа үндэстнүүд энэ бүх зүйлээр өөрсдийгөө бузарласан юм. 25 Уг газар нутаг бузар болж, улмаар Би хилэнцийнх нь шийтгэлийг үүн дээр авчирсан бөгөөд уг нутаг оршин суугчдаа бөөлжин гаргажээ. 26 Гэвч та нар Миний зарлиг, шийдвэрүүдийг сахиж, танай уугуул ч, та нарын дунд түр амьдарч буй ирмэл ч эдгээр жигшүүрт зүйлийн алийг нь ч бүү хий. 27 (Учир нь та нараас урьд энэ нутагт амьдарч байсан хүмүүс энэ бүх жигшүүрт зүйлийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болжээ.) 28 Эс тэгвээс тэр нутгийг бузарласны төлөө та нараас урьд байсан үндэстнийг бөөлжин гаргасан шигээ тэр нь та нарыг мөн бөөлжин гаргах болой. 29 Учир нь эдгээр жигшүүрт зүйлийн аль нэгийг хийсэн хэн боловч, тийнхүү үйлдэгч хүмүүс ард олныхоо дундаас таслагдана. 30 Иймээс та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүр бузрын аль нэгийг та нар үйлдэхгүй мөн тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд Миний журам зааврыг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.