Идээн өргөл

2

1 Хэн нэг нь ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх аваас өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэр үүн дээр тос асган, дээр нь гүгэл тавиг. 2 Тэр үүнийгээ Аароны тахилч хөвгүүдэд авчран, сайн гурилаас атга дүүрнийг, тосноос нь гүгэлтэй нь аваг. Тахилч үүнийг бэлгэдлийн хувь болгон тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил болой. 3 Харин идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.

4 Чи зууханд жигнэсэн идээн өргөлийг өргөх аваас энэ нь тосоор багсарсан сайн гурилан исгээгүй боов эсвэл тосоор тосолсон исгээгүй бин байх болой. 5 Хэрэв өргөл чинь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгээгүй, тосонд багсарсан сайн гурилынх байх ёстой. 6 Түүнийг жижиглэн хугалж, дээр нь тос асга. Энэ нь идээн өргөл болой. 7 Хэрэв өргөл чинь саванд бэлтгэсэн идээн өргөл байх аваас үүнийг тостой сайн гурилаар хийсэн байх ёстой. 8 Та нар эдгээр зүйлээр хийсэн идээн өргөлийг ЭЗЭНд авчран тахилчид өргө. Тэр үүнийг тахилын ширээнд аваачна. 9 Тахилч идээн өргөлөөс бэлгэдлийн хувийг авч, үүнийгээ тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болой. 10 Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.

11 ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл хөрөнгөөр исгэсэн байх ёсгүй. Учир нь та нар ямар ч хөрөнгө ба зөгийн балыг галан тахил болгон ЭЗЭНд зориулан шатаах ёсгүй.

12 Та нар анхны үр жимсний өргөлийг ЭЗЭНд өргөхдөө үүнийгээ харин тахилын ширээн дээр тааламжит үнэр болгон өргөх ёсгүй. 13 Идээн өргөл болгоноо давсаар амтал. Идээн өргөлд чинь Бурханы гэрээний давс бүү дутагдаг. Бүх өргөлөө та нар давстай өргөгтүн.

14 Та нар дээж үр жимсний идээн өргөлийг ЭЗЭНд өргөх аваас гал дээр хуурсан шинэ тариан түрүү, үйрүүлсэн шинэ үрийг үр жимсний идээн өргөлдөө өргө. 15 Түүн дээр тос асган, дээр нь гүгэл тавь. Энэ нь идээн өргөл болой. 16 Тахилч түүний бэлгэдлийн хувь болох үйрүүлсэн шинэ үр ба тосыг бүх гүглийн хамт ЭЗЭНд өргөх галан тахил болгон шатааг.