ЭЗЭНий өмнөх дэнлүү

(Гэт 27:20–21)

241 ЭЗЭН, Мосед айлдахдаа

2 Гэрэлтүүлгийг байнга асаалттай байлгахын тулд дэнлүүнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг Израилийн хөвгүүдэд тушаа. 3 Уулзалтын майханд, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үүнийг үдшээс өглөөг хүртэл ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга асаахаар тавих ёстой. Энэ нь хамаг үеийнхэнд чинь үргэлжлэх үүрдийн зарлиг болой. 4Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга тавих ёстой.

Тавиг талх

5 Сайн гурил авч, түүгээр арван хоёр боов жигнэ. Боов тус бүрд ефагийн аравны хоёр байх ёстой. 6 Эдгээрийг ЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр нэг эгнээнд нь зургаа байхаар хоёр эгнээ болгон тавь. 7 ЭЗЭНд өргөх галан тахил, бэлгэдлийн өргөл болгохын тулд эгнээ бүрийн талхан дээр цэвэр гүгэл тавигтун. 8 Амралтын өдөр бүр Израилийн хөвгүүдийн өмнөөс тэр үүнийг ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга тавих ёстой. Энэ нь мөнхийн гэрээ. 9 Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийнх бөгөөд тэд үүнийг ариун газарт идэх болой. Учир нь ЭЗЭНд өргөх галан тахилуудаас түүнд ариунаас ариун, мөнхийн хувь ногдол нь энэ юм гэлээ.

Доромжлол ба үүний ял

10 Египет эцэгтэй, израиль эмэгтэйн хүү Израилийн хөвгүүд уруу гарч ирэв. Израиль эмэгтэйн тэр хүү нэгэн эртэй хоёул хуаранд бие биентэйгээ муудалцав. 11 Тэгэхэд израиль эмэгтэйн хүү ЭЗЭНий нэрийг доромжлон хараасанд тэд түүнийг Мосед аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэрээр Дан овгийн Дибрийн охин байлаа.) 12 Өөрсдөд нь ЭЗЭНий амаар хариу өгөгдтөл тэд түүнийг хорионд байлгав. 13 ЭЗЭН, Мосед айлдахдаа

14 Хараасан нэгнийг хуарангийн гадна авчирч, түүний үгийг сонссон бүхэн толгой дээр нь гараа тавиг. Даяар хотол түмэн түүн уруу чулуу чулуудаг. 15 Чи Израилийн хөвгүүдэд “Хэн нэгэн нь Бурханаа хараах аваас тэрээр гэм нүглээ үүрэх болно. 16 ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь үхэх ёстой. Уугуул хүн ч бай, ирмэл хүн ч бай ЭЗЭНий нэрийг доромжлох аваас үхэх ёстой бөгөөд даяар хотол түмэн түүнийг чулуугаар чулуудаг. 17 Аливаа хүмүүний амийг хэн нэгэн нь хороох аваас үхэх ёстой. 18 Амьтныг хороосон нэгэн нь амийг амиар нөхөн төлөх ёстой. 19 Хэрэв хүн хөршөө гэмтээх аваас түүний үйлдсэн ёсоор өөрт нь үйлдэгдэх ёстой. 20 Хугарлыг хугарлаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, хүнийг гэмтээснийх нь дагуу түүнд мөн түүнчлэн өгөгдөх ёстой. 21 Амьтныг алсан хүн үүнийг нөхөн төлнө. Харин хүн алсан нэгэн нь үхэх ёстой. 22 Гаднынханд ч бай, уугуул нутгийнханд ч бай та нарт нэг л шүүлт байх ёстой. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ” гэж хэл хэмээв. 23 Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдэд хэлсэнд тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн уруу чулуу шидлэв. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд үйлдэв.