Арьсны халдварт өвчнөөс цэвэрших

141 ЭЗЭН, Мосед айлдахдаа

2 Арьсны халдварт өвчтөнийг цэвэршүүлэх өдрийн хууль энэ болой. Түүнийг тахилч уруу авчирч, 3 тахилч хуарангаас гадагш гарна. Ингээд тахилчийн үзэхэд хэрэв арьсны халдварт өвчтөний арьсны халдварт өвчин эдгэсэн байх аваас 4 хоёр амьд цэвэр шувуу, хуш мод, улаан хүрэн утас, балуун зэргийг цэвэршигчийн төлөө авч явахыг тахилч тушаана. 5 Нэг шувууг урсгал усны дээгүүр, шавар саванд нядлахыг тахилч тушаагаад, 6 харин өөрөө амьд шувууг хуш мод, улаан хүрэн утас, балуунтай хамт авч, эдгээрийг болон амьд шувууг урсгал усны дээгүүр нядлагдсан шувууны цусанд дүрнэ. 7 Тэгээд арьсны халдварт өвчнөөс цэвэршигч уруу үүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлно. Амьд шувууг хээр талд суллан тавина. 8 Ингээд цэвэршигч нь хувцсаа угаан бүх үсээ хусаж, усанд орж цэвэр болно. Тэгээд тэр хуаранд орж, долоо хоногийн турш майхныхаа гадна байг. 9Долоо дахь өдөр тэрээр бүх үсээ хусна. Тухайлбал толгойн үс, сахал, хөмсөг төдийгүй хамаг үсээ хусаад, хувцсаа угаан усанд биеэ угааж цэвэр болно. 10 Найм дахь өдөр нь тэрээр согоггүй хоёр эр хурга, согоггүй нэг охин төлөг болон идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны гурав хэмжээтэй сайн гурил, нэг лог тос авчрах бөгөөд 11 цэвэршигчийг цэвэр гэсэн тахилч эдгээр зүйлийг түүнтэй хамт ЭЗЭНий өмнө, уулзалтын майхны үүдэнд авчраг. 12 Тэгээд тахилч нэг эр хургыг нэг лог тостой хамт авчран ялын тахилд өргөөд, эдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө даллах болой. 13 Тэрээр нүглийн болон шатаалт тахил нядалдаг газар буюу ариун газарт эр хургыг нядална. Учир нь нүглийн тахилын адил ялын тахил нь тахилчийнх бөгөөд ариунаас ариун болой. 14 Тахилч ялын тахилын цуснаас авч, цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд түрхэнэ. 15 Тахилч нэг лог тосноос авч, зүүн гарынхаа алганд цутгаад, 16 баруун гарынхаа хурууг зүүн алган дахь тосонд дүрж, тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна. 17 Тахилч алган дахь үлдсэн тосноосоо цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд, ялын тахилын цусан дээгүүр давхар түрхэнэ. 18 Харин тахилчийн алганд үлдсэн тосыг цэвэршигчийн толгой дээр асгана. Ийнхүү тахилч түүнд ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ. 19 Тахилч нүглийн тахил өргөж, бузраасаа цэвэршиж байгаа нэгэнд эвлэрүүллийг хийнэ. Тэгээд тэрээр шатаалт тахилыг нядалж, 20 тахилын ширээн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөнө. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж, тэр хүн цэвэр болно. 21 Гэвч тэр хүн ядуу бөгөөд үүнийг олж авах чадалгүй байх аваас тэрээр өөртөө эвлэрүүллийг хийлгэх даллах өргөлд зориулан нэг эр хургыг ялын тахил, идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны нэгэн сайн гурил, нэг лог тос авах ёстой. 22 Мөн гарынхаа олж авах чадлын хэрээр хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авах ёстой бөгөөд нэг нь нүглийн тахил, нөгөө нь шатаалт тахил болой. 23 Тэгээд найм дахь өдөр тэрээр эдгээрийг цэвэршилдээ зориулан ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд тахилчид авчрах болой. 24 Тахилч ялын тахилын хурга, нэг лог тосыг авч, даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө даллана. 25 Тэрээр ялын тахилын хургыг нядалж ялын тахилын цуснаас аваад, цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэнэ. 26 Тахилч зүүн гарынхаа алганд тосноос хийгээд, 27 баруун гарынхаа хуруугаар зүүн алган дахь тосноос долоон удаа ЭЗЭНий өмнө цацна. 28 Тахилч алгандаа байгаа тосноос цэвэршигчийн баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр, ялын тахилын цусан дээр давхар түрхэнэ. 29 Тэгээд ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхийн тулд алгандаа үлдсэн тосыг тахилч цэвэршигчийн толгой дээр асгана. 30 Тэрээр олж авах боломжийнхоо хэрээр нэг хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтаа нэгийг өргөнө. 31 Гарынхаа олж авах чадлын хэрээр, нэгийг нь нүглийн тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон идээн өргөлийн хамт өргөх болой. Ийнхүү цэвэршигчид зориулан тахилч ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ. 32 Энэ нь цэвэршилд зориулах чадал боломж хомс, арьсны халдварт өвчний шархтай нэгний тухай хууль болой гэв.

33 ЭЗЭН, Мосе Аарон нартай цааш нь ярин айлдахдаа

34 Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутагт Би аливаа байшинд хөгцний толбыг тавихад 35 тэр байшинг өмчлөгч нэгэн нь ирж, тахилчид “Байшинд минь толботой адил зүйл надад харагдав” гэж хэлэх ёстой. 36 Тэгэхэд байшин доторх бүх зүйлийг бузарт тооцохгүйн тулд уг толбыг үзэхээр тахилч дотогш орохын өмнө байшинг суллахыг тушаана. Үүний дараа тахилч байшинг үзэхээр дотогш орно. 37 Тэрээр толбыг харахад хэрэв байшингийн ханан дээрх толбо ногоовтор эсвэл улбар хонхор бөгөөд хананд гүн суусан харагдах аваас 38 тахилч байшингийн үүдэнд гарч, уг байшинг долоо хоногоор тусгаарлана. 39 Тахилч долоо дахь өдөр буцаж ирээд, сайтар ажиглана. Хэрэв уг толбо байшингийн ханан дээгүүр тархсан байх аваас 40 толбо суусан чулуунуудыг салган авч хотын гадна бузар газарт хаяхыг тахилч тушаана. 41 Тэр байшинг дотор талаас нь бүхэлд нь хусуулаад, хусаж авсан шохойг хотын гадна бузар газарт овоолон асгана. 42 Тэгээд өөр чулуунуудыг авч, тэдгээр чулууны оронд байрлуулж, өөр шохойг авч, байшинг дахин шохойдох ёстой. 43 Харин чулуунуудыг нь салган байшинг хусаад, дахин шохойдсоны дараа уг толбо байшинд дахин гарч ирэх аваас 44 тахилч дотогш орж, сайтар ажиглана. Хэрэв байшинд толбо тархсан байх аваас энэ нь байшин доторх хортой хөгц бөгөөд байшин бузар болой. 45 Уг байшин, түүний чулуу, мод болон бүх шаваасыг нь буулгаж, хотын гадна бузар газарт зөөн аваачих ёстой. 46 Тусгаарлаж байх үед байшинд орсон хэн боловч үдэш болтол бузар байна. 47 Байшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. 48 Харин тахилч дотогш орж үзэхэд, харагтун, байшинг дахин шохойдсоны дараа байшинд уг толбо тархаагүй байх аваас толбо дахин гарч ирээгүй тул тахилч тэр байшинг цэвэр гэж тодорхойлно. 49 Уг байшинг цэвэршүүлэхийн тулд тэрээр хоёр шувуу, хуш мод, улаан утас, балууныг аваад, 50 нэг шувууг урсгал усны дээгүүр шавар саванд нядалж, 51 хуш мод, балуун, улаан утсыг амьд шувуутай хамт авч, нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна. 52 Ийнхүү шувууны цус, урсгал ус, амьд шувуу, хуш мод, балуун, улаан утсаар уг байшинг тэр цэвэршүүлнэ. 53 Харин амьд шувууг хотоос гадагш хээр талд суллаж тавина. Ийнхүү байшинд зориулан эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь цэвэр болно гэв. 54 Энэ нь арьсны халдварт өвчний аливаа шинж тэмдгийн хууль бөгөөд үүнд хамуу, 55 хувцас эсвэл байшинд гарах хөгц, 56 гөвдрүү, яр, тод толбо хамаатай. 57 Эдгээрийг ямар үед бузар, ямар үед цэвэр гэдгийг заах хууль энэ болой. Энэ нь арьсны халдварт өвчний хууль юм.