Тахилчдын ариун байдал

211  ЭЗЭН, Мосед айлдахдаа

—Аароны хөвгүүд болох тахилчидтай ярин “Ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бүү бузарла. 2 Зөвхөн түүний ойрын цусан төрлүүд болох эцэг, эх, хүү, охин, ах дүүгийнхээ төлөө 3 мөн хамт байдаг, нөхөрт гараагүй онгон эгч дүүгийнхээ төлөө тэр өөрийгөө бузарлаж болно. 4 Тэрээр ураг барилдсан нэгнээр ч бузарлагдан, өөрийгөө гутаах ёсгүй. 5 Тэд толгойгоо халзалж хусах, сахлынхаа үзүүрийг тайрах, бие махбод дээрээ аливаа зүсэлт хийх ёсгүй. 6 Тэд Бурхандаа ариун байх бөгөөд Бурханыхаа нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд Бурханыхаа талх, ЭЗЭНий галан тахилуудыг өргөдөг учир ариун байх ёстой. 7 Тэд янхан эсвэл бузарлагдсан эм болон нөхөртөө хөөгдсөн салсан эмэгтэйг авч болохгүй. Учир нь тэд Бурхандаа ариун болой. 8 Тэрээр Бурханы чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм. 9 Аливаа тахилчийн охин садарласнаар өөрийгөө гутаах аваас тэрээр эцгээ гутаасан хэрэг бөгөөд галд шатаагдах ёстой. 10 Ах дүү нар дотроо тосолгооны тосыг толгой дээрээ цутгуулсан, тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагдсан тэргүүн тахилч толгойгоо ил гаргах мөн хувцсаа урах ёсгүй. 11 Түүнчлэн аливаа үхсэн хүнд ойртох, эцэг эхийнхээ төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй. 12 Тэрээр ариун газраас гадагш гарах мөн Бурханыхаа ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь Бурханых нь тосолгооны тосны ариусгал түүний дээр байгаа болой. Би ЭЗЭН. 13 Тэрээр эхнэрээ охин онгоноор нь аваг. 14 Бэлэвсэн эхнэр эсвэл хаягдсан эмэгтэй эсвэл бузарлагдсан эм эсвэл янхан эмийг тэр авч болохгүй. Харин тэр ард түмнээсээ онгон охиныг эхнэр болгон авах ёстой. 15 Энэ нь ард түмнийхээ дунд үр удмаа гутаахгүйн тулд юм. Учир нь Би түүнийг ариусгадаг ЭЗЭН болой” гэж тэдэнд хэлэгтүн гэв.16 ЭЗЭН, Мосед айлдахдаа

17 Ааронтай ярин “Чиний үр удмын аль ч үеийнхнээс согог гажигтай ганц ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй. 18 Ойртож болохгүй согог гажигтай хүнд сохор эсвэл доголон эсвэл сэтэрхий хамартай хүн эсвэл гажсан мөчтэй 19 эсвэл хугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн 20 эсвэл бөгтөр эсвэл одой эсвэл нүдэндээ цагаатай эсвэл маажууртай эсвэл үлдтэй эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана. 21 Тахилч Аароны үр удмаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галан тахил өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэрээр согог гажигтай тул Бурханыхаа талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй. 22 Тэрээр Бурханыхаа талхны ариунаас ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч, 23 согог гажигтай учраас Миний ариун газрыг гутаахгүйн тулд, хөшигний дотор орж, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэж хэл хэмээв. 24 Ийнхүү Мосе, Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярив.