6 1 ЭЗЭН, Мосед айлдахдаа

2 Хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, итгэл эвдэж, өөрт нь хадгалуулсан болон гарт нь даатгасан эсвэл хулгайлсан зүйлээр хөршөө мэхлэх эсвэл хөршөөсөө луйвардан авах 3 эсвэл алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухайд худал хэлж, хуурамчаар тангараглан хүний үйлдэж болох эдгээр зүйлийн аль нэгээр нүгэл үйлдвэл, 4 тэрээр нүгэл үйлдэн ялтай болсон тул хулгайлснаа эсвэл луйвардан авсан зүйлээ эсвэл өөрт нь хадгалуулсныг эсвэл өөр хүний алдсаныг олсноо 5 эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлээ бүрэн эргүүлж өгч, түүн дээрээ дахин тавны нэгийг нэмээд ялын тахилын өдөртөө эзэмшигчид нь өгөх ёстой. 6 Тэгээд тэр ялын тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд ялын тахил болгон тахилчид авчраад, 7 тахилч түүний эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Өөрийг нь ялтай болгосон эдгээр аль ч хэрэг уучлагдах болно гэлээ.

Тахилын талаарх заавар

8 ЭЗЭН, Мосед айлдахдаа

9 Ааронд болон хөвгүүдэд нь тушаан “Шатаалт тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг бүхэл шөнөжин өглөө болтол тахилын ширээн дээрх галын хоовонд байлгах бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр дүрэлзсээр байх ёстой. 10 Тахилч маалинган нөмрөг өмсөх бөгөөд биедээ дотуур хувцастай байх болой. Тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг тэр авч, тахилын ширээний хажууд тавиг. 11 Тэгээд тэр хувцсаа тайлан өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачиг. 12 Тахилын ширээн дээрх гал унтрахгүй, түүн дээрээ үргэлж дүрэлзсээр байна. Тахилч түүн дээр өглөө бүр мод түлээ нэмж, дээр нь шатаалт тахил өрж тавиад эвийн тахилуудын өөхийг шатааг. 13 Тахилын ширээн дээрх гал байнга асаж байх ёстой. Энэ нь унтрах ёсгүй. 14 Харин идээн өргөлийн хууль ийм болой. Аароны хөвгүүд үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд өргөх ёстой. 15 Нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг, түүний тос болон идээн өргөл дээрх бүх гүглийн хамт авч, ЭЗЭНд тааламжит үнэр буюу дурсгалын хувь хэмээн тахилын ширээн дээр шатааг. 16 Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Үүнийг исгээгүй боов болгон ариун газарт идэх ёстой. Тэд үүнийг уулзалтын майхны хашаан дотор идэг. 17 Үүнийг хөрөнгөөр исгэн жигнэх ёсгүй. Үүнийг Би галан тахилуудаасаа тэдний хувь болгон өгсөн бөгөөд нүглийн тахил, ялын тахилын адил энэ нь ариунаас ариун болой. 18 Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь ЭЗЭНий галан тахилуудаас хамаг үеийнхэнд чинь ногдох, улиран үргэлжлэх хувь юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдана” гэж хэлэгтүн хэмээв.

19 ЭЗЭН, Мосед айлдахдаа

20 Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг байнгын идээн өргөл болгон, хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш ЭЗЭНд өргөнө. 21 Үүнийг хайруулын тавган дээр тостой хийсэн байх ёстой. Та нар үүнийг сайтар багсарч авчран идээн өргөлийг хэсэглэн ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн. 22 Түүний байранд тослогдсон, хөвгүүдийнх нь дундах тахилч түүнийг өргөх ёстой. Энэ нь ЭЗЭНий улиран үргэлжлэх хувь ногдол болой. Үүнийг ЭЗЭНд зориулан бүхэлд нь шатаах ёстой. 23 Тахилчийн идээн өргөл бүр бүхэлдээ шатаг, үүнийг бүү идэг гэлээ.

24 ЭЗЭН, Мосед айлдахдаа

25 Ааронтай болон түүний хөвгүүдтэй ярин “Нүглийн тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг нядалдаг газар нүглийн тахилыг ЭЗЭНий өмнө нядлах ёстой. Энэ нь ариунаас ариун ажгуу. 26 Нүглийн тахилыг өргөсөн тахилч үүнийг идэх ёстой. Үүнийг ариун газарт, уулзалтын майхны хашаан дотор идэх ёстой. 27 Маханд нь хүрэх хэн боловч ариусгагдана. Аливаа цус хувцсан дээр үсрэхэд, цус үсэрсэн хэсгийг та нар ариун газарт угаагтун. 28 Үүнийг дотор нь хийж буцалгасан шавар савыг хагалах ёстой. Хэрэв үүнийг хүрэл саванд буцалгасан бол, савыг сайтар цэвэрлэн усаар зайлах ёстой. 29 Тахилч нарын дундах эр хүйстэн бүр үүнийг идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой. 30 Гэвч ариун газарт эвлэрүүллийг хийхээр цусыг нь уулзалтын майханд аваачсан ямар ч нүглийн тахилыг идэх ёсгүй. Энэ нь галд шатаагдах ёстой” гэж хэлэгтүн хэмээв.