2 1 Ах дүүстээ “Амми” гэж, эгч

 дүүстээ “Рухама” хэмээн хэл.

Израилийн урвалт, гэсгээл ба аврал

 2 “Заргалд, эхтэйгээ заргалд.

Учир нь тэрээр Миний эхнэр биш,

Би нөхөр нь биш.

Тэрээр нүүрнээсээ

 завхайрлыг зайлуулаг.

Хөхнийхөө хоорондоос

 садар самууныг арилгаг.

3 Эс тэгвээс Би түүнийг нүцгэлэн

Анх мэндэлсэн өдрийнх шиг нь

Түүнийг ил гаргана.

Түүнийг цөл мэт,

Хагссан газар мэт болгон

 цангааж ална.

4 Би хүүхдүүдийг нь бас өрөвдөхгүй.

Тэд завхайрлын хүүхдүүд юм.

5 Учир нь эх нь завхайрсан.

Тэднийг тээсэн тэр эм

 ичгүүрийг үйлджээ.

Учир нь

 «Надад талх, ус, ноос, маалинга,

 тос, дарсыг минь өгдөг

Амрагуудынхаа араас би явна» гэж

 тэр хэлжээ.

6 Тэгэхээр харагтун, Би замыг нь

 сундуугаар шивээлж,

Тэрээр жимээ олохгүй болтол нь

Би түүнд хана босгоно.

7 Амрагуудаа мөшгөн дагавч

Тэднийг тэр гүйцэхгүй.

Тэднийг хайх боловч олохгүй.

Тэгээд тэр эм «Би анхны нөхөртөө

 буцаж очъё,

Учир нь тэр үед би одооноос илүү

 сайн байсан» гэх болно.

Гэвч түүнд үр тариа,

 шинэ дарс, тос өгөгч нь

Түүний дээр мөнгө, алтыг мөн

 арвижуулагч нь

Би байсан гэдгийг тэр эм эс мэдэв.

Харин тэд үүнийг

 Баалд хэрэглэсэн.

Тиймээс цаг нь болоход

Би үр тариагаа

Улирал нь болоход

Шинэ дарсаа эргүүлэн авна.

Нүцгэнийг нь халхалж байсан

Ноос, маалингаа Би бас

 буцааж авна.

10 Тэгээд Би амрагуудынх нь

 нүдэн дээр

Ичгүүрт явдлыг нь ил гаргахад

Хэн ч түүнийг

 мутраас минь аврахгүй.

11 Бүх цэнгэл, найр наадам,

Шинэ сар, Амралтын өдөр,

Хамаг баярыг нь Би эцэс

 болгоно.

12 «Амрагуудын минь надад өгсөн

 хөлс энэ» гэж өгүүлэх

Тэр эмийн усан үзэм,

 инжрийн моддыг

Би сүйтгэх болно.

Би тэдгээрийг ой болгож,

Хээр талын араатнууд

 тэдгээрийг цөлмөнө.

13 Баалын өдрүүдийн учир

Би түүнийг шийтгэх болно.

Тэр тэдгээрт утлага уугиулж,

Ээмэг, эрдэнээр өөрийгөө

 гоёж чимэн

Амрагуудаа даган явсаар

 Намайг мартсан” гэж

ЭЗЭН айлдаж байна.

14 “Тэгэхээр харагтун,

Би түүнийг уруу татан цөлд

 авчраад,

Түүнтэй зүрхэнд нь ярих болно.

15 Дараа нь Би тэндээс түүнд

усан үзмийн цэцэрлэгийг нь,

Ахорын хөндийг мөн

Найдварын үүд болгож өгнө.

Тэр тэнд залуу насныхаа

өдрүүдийнх шиг,

Египет газраас гарч ирсэн

өдрийнх шиг дуулах болно.

16 Тэр өдөр чи Намайг «Эр нөхөр минь» гэж дуудан

Цаашид «Баал минь» гэж

дуудахгүй” хэмээн

ЭЗЭН тунхаглаж байна.

17 “Учир нь Би амнаас нь

Баалуудын нэрийг арилгаж,

Хойшид тэд нэрээрээ

эс дурсагдана.

18 Мөн тэр өдөрт тэдний төлөө

Хээрийн араатан, огторгуйн шувуу,

газрын мөлхөгч амьтадтай

Би гэрээ байгуулна.

Нум, илд, дайныг

 энэ газраас халж,

Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.

19 Би чамтай мөнхөд

 сүй тавих болно.

Тийм ээ, Би зөвт байдал,

 шударга ёс,

Хайр энэрэл, өршөөлөөр

 чамтай сүй тавина.

20 Чамтай итгэмжит байдал дотор Би

 сүй тавина.

Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.

21 Тэр өдөрт Би хариулна” гэж

ЭЗЭН тунхаглаж байна.

“Тэнгэрүүдэд Би хариулж,

Тэд газарт хариулна.

22 Газар нь үр тариа, шинэ дарс,

 тосонд хариулж,

Тэдгээр нь Иезреелд хариулна.

23 Өөрийнхөө төлөө Би

Үүнийг газарт тариална,

Ло-рүхамаг бас өршөөж,

Ло-аммид «Та нар Миний ард

 түмэн» хэмээхэд

«Та бол миний Бурхан» гэж

Тэд хэлэх болно.”