Израилийн нүгэл ба олзлогдол

 10 Израиль усан үзмийн

 саглагар мод ажээ.

Тэрээр өөртөө

 үр жимсийг гаргадаг.

Жимс нь ихсэх тусам тэр

Улам олон тахилын ширээ хийв.

Газар нутаг нь элбэг дэлбэг

 болох тусам

Тэд ариун баганануудаа

 сайжруулав.

Тэдний зүрх хуваагдсан.

Тэд одоо буруугаа үүрэх ёстой.

ЭЗЭН тэдний тахилын

 ширээнүүдийг нурааж,

Баганануудыг нь эвдэх болно.

Үнэхээр одоо тэд

“Бид ЭЗЭНийг

 хүндэтгэдэггүй учраас

 бидэнд хаан алга.

Хаан ч бас бидний төлөө юу хийж

 чадахсан билээ?”

 хэмээх болно.

Тэд зөвхөн ярьж,

Хоосон тангараглан

 гэрээ байгуулдаг.

Тариан талбайн шан дахь

 хортой өвс адил

Шүүлт нь тийн соёолно.

Самарийн оршин суугчид

 Бет-Авены тугалаас айна.

Тэндхийн ард түмэн

 тэр шүтээнээс болж гашуудан,

Шүтээний тахилч нар түүний төлөө

 бас тэднээс салж одсон

 алдрынх нь төлөө

 уйлалдах болно.

Тэр нь өөрөө алба гувчуур болж,

Ассири уруу, Иареб хаанд

 аваачигдана.

Ефраим ичгүүрт баригдан,

Израиль зөвлөгөөнөөсөө болж

 ичгүүрийг хүртэнэ.

Самари, усны мандал дээрх

 мөчир мэт

Хаантайгаа хамт тайрагдах болно.

Бас Израилийн ёс бус нь болсон

Авены мөргөлийн өндөрлөгүүд

 нураагдах болно.

Тахилын ширээнүүд дээр нь

 сундуу, халгай ургана.

Тэгээд тэд уулсад хандан

 “Биднийг нөмрөөч” гээд,

Толгодод “Бидэн дээр унаач”

 хэмээн хэлэх болно.

Израиль аа,

 Гибеагийн өдрүүдээс эхлэн

 чи нүгэл үйлджээ.

Тэд тэндээ зогсжээ.

Хууль бус явдлын хөвгүүдийн

 эсрэг тулаан

Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?

10 Хүссэн үедээ Би тэднийг гэсгээнэ.

Тэд давхар гэмийнхээ төлөө

 хүлэгдэх үед

Ард түмнүүд ч тэдний эсрэг

 цугларах болно.

11 Ефраим тариа цохих дуртай

 бяруу байлаа.

Харин Би сайхан хүзүүнд нь

 буулгыг тохно.

Би Ефраимыг хөллөж,

Иуда газар хагалж,

Иаков өөртөө борнойдох болно.

12 Зөвт байдлыг тариалж,

 хайр энэрлийг хурааж ав.

Боловсруулаагүй газраа хагал.

Учир нь ЭЗЭН, чиний дээр

Зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл

Түүнийг хайх цаг нь одоо билээ.

13 Та нар гэм буруугийн газрыг

 хагалж

Шударга бусыг хурааж авсан.

Та нар худлын жимсийг идсэн.

Учир нь чи өөрийн зам,

Тоо томшгүй дайчдадаа

 итгэсэн тул

14 Ард түмний чинь эсрэг

 хөл үймээн дэгдэнэ.

Шалман нь Бет-Арбелийг

 сүйтгэсэн өдөр шиг

Бүх бэхлэлт чинь

 сүйтгэгдэх болно.

Тэр өдөр эхчүүд

 хүүхдүүдтэйгээ хамт

 хэмх бяцлагдсан.

15 Бетел ээ, тийнхүү үлэмж хилэнцэт

 явдлын чинь төлөө

Энэ зүйлс та нарт

 үйлдэгдэх болно.

Үүрийн гэгээнээр Израилийн хаан

Бүрэн устгагдах болно.