Израилийг Бурхан сонгосон

9 1 Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар 2 Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байна. 3 Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа. 4 Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм. Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.

 6 Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд израиль биш. 7 Тэд Абрахамын үр ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш харин «Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно» гэжээ. 8 Махбодын хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон. 9 Учир нь «Би өдий үед эргэж ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм. 10 Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон. 11 Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы сонголтын зорилго нь үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд 12 «Том нь багадаа зарцлагдана» гэж эхэд нь айлдсан ажээ. 13 Энэ нь «Би Иаковыг хайрлаж, Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм.

 14 Тэгвэл бид юу хэлэх вэ? Шударга бус юм Бурханд байдаг уу? Огт үгүй! 15 Учир нь Тэр Мосед «Би өршөөх хүнээ өршөөнө. Би өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм. 16 Ингэхлээр энэ нь хүсдэг эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу. 17 Бичвэр «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлж, Миний нэр дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж Фараонд айлджээ. 18 Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.

Бурханы уур хилэн ба өршөөл

 19 Тэгвэл чи надад «Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцэж чадах юм бэ?» гэж хэлнэ. 20 Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь «Та яагаад намайг ингэж хийв?» гэж барималчинд хэлдэг үү? 21 Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээр эрх мэдэлгүй гэж үү? 22 Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадалаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ? 23 Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, 24 иудейчүүдээс ч төдийгүй мөн харийнхнаас ч бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл алдрынхаа баялгийг мэдүүлэх юм. 25 Тэр Хосеа номд

«Минийх биш ард түмнийг Би

“Миний ард түмэн”,

Хайрлагдаж байгаагүйг нь

“Хайрт” гэж дуудна.

26 “Та нар Миний ард түмэн биш”

 гэж

тэдэнд айлдсан тэр газарт

Тэд амьд Бурханы хөвгүүд гэж

дуудагдах болно»

гэсэн юм.

27 Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана. 28 Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ. 29 Исаиа

«Хэрэв түг түмдийн Эзэн

амьд үлдэгсдийг бидэнд

 үлдээгээгүй бол

Бид Содом мэт болж,

Гоморра шиг болох байсан» гэж

 урьдаас хэлсэн юм.

Израилийн итгэлгүйдэл

30 Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харийнхан зөвт байдалд, тухайлбал итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн. 31 Харин зөвт байдлын хуулийг мөшгөсөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй. 32 Яагаад? Учир нь тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин тэд үйлсээр ирдэг юм шиг мөшгөж, бүдрүүлгийн чулуунд бүдэрцгээжээ. 33 Энэ нь

«Харагтун, Би Сионд

бүдрүүлгийн чулуу, тээглэх хад

 тавина.

Түүнд итгэгч нь

ичгүүрт орохгүй» гэж

бичигдсэнчлэн байна.