Абрахам үйлсээс ангид зөвтгөгдсөн

4 1 Тиймд махбодоороо өвөг маань болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. 3 Бичвэр юу гэдэг вэ гэвэл «Абрахам, Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон» гэдэг. Ажилладаг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. 5 Харин сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгөдөг Тэрээр, үйлддэггүй боловч Өөрт нь итгэдэг нэгний итгэлийг нь зөвд тооцдог. 6 Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид

«Ёс бус явдал нь уучлагдаж,

Нүглүүд нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй.

Нүглийг нь Эзэн үл тооцох

тэр хүн ерөөлтэй» гэжээ.

Тэгвэл энэ ерөөл нь хозлуулсан хүмүүст хамаатай юу? Эсвэл хозлуулаагүй хүмүүст хамаатай юм уу? Учир нь бид «Итгэлээр нь Абрахамыг зөвд тооцсон» гэж ярьдаг. 10 Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хозлуулсан байхдаа юу, эсвэл хозлуулаагүй байхдаа юу? Хозлуулсан байхдаа бус, хозлуулаагүй байхдаа юм. 11 Абрахам хозлуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хозлолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хозлуулалгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ. 12 Мөн бидний эцэг Абрахамд хозлолоос нь өмнө байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хозлуулсан хүмүүст хозлолын эцэг болов.

Бурханы амлалт итгэлээр биелнэ

 13 Абрахам болон үр удам нь ертөнцийг өвлөгч болох амлалтыг хуулиар бус, харин итгэлийн зөвдлөөр хүртжээ. 14 Хэрэв хуулиар байгсад л өв залгамжлагчид юм бол итгэл нь талаар, амлалт нь хүчингүй болохсон билээ. 15 Учир нь хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй.

 16 Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үрд, зөвхөн хуулийн үр удамд төдийгүй мөн Абрахамын итгэлийн үрд ч баталгаатай байх юм. Абрахам нь 17 үхэгсдийг амилуулагч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ.) 18 Найдварын дээд найдвараар тэр итгэсэн бөгөөд «Үр удам чинь ийм олон болно» гэж урьд нь айлдсан ёсоор түүнийг олон үндэстний эцэг болгосон юм. 19 Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхдэнги болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй. 20 Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх бус, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөж, 21 амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. 22 Тиймээс итгэлээр нь түүнийг зөвд тооцсон ажээ. 23 «Тэр ийн тооцогдсон» гэсэн нь зөвхөн түүний тухай бичсэн биш 24 Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд мөн итгэх бидний төлөө билээ. 25 Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амилсан юм.