Хувийн мэндчилгээ

16 1 Кенхрей дэх чуулганы үйлчлэгч Фойбе эгчийгээ би та нарт онцлон таниулж байна. 2 Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дор хүлээн авч, түүнд хэрэг болох аливаа юманд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байсан юм.

 3 Христ Есүс дор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй. 4 Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш мөн харийнхны бүх чуулган талархдаг билээ. 5 Тэдний гэрийн чуулганд болон мөн Христ уруу эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй. 6 Та нарын төлөө ихэд зүдэж зүтгэсэн Мариад мэнд хүргээрэй. 7 Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуни нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христэд байсан юм. 8 Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй. 9 Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй. 10 Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 11 Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэнд байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 12 Эзэн дотор зүдэн зүтгэгч Труфайна Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор ихэд зүдэж зүтгэсэн хайрт Персист мэнд хүргээрэй. 13 Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Надад ээж болсон түүний ээжид бас мэнд хүргээрэй. 14 Асункрит, Флегон, Хермес, Патроб болон Хермас нарт бас тэдэнтэй хамт байгаа ах дүүст мэнд хүргээрэй. 15 Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү мөн Олумп болон тэдэнтэй хамт байгч бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. 16 Бие биендээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.

Сүүлийн зааварчилгаа

 17 Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун. 18 Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг. 19 Та нарын дуулгавар бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна. 20 Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй няцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

 21 Надтай хамтран зүтгэгч Тимот мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.

22 Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.

23 Намайг болон бүх чуулганыг зочлогч гэрийн эзэн Гаи та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна. 24 [Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]

25 Бурхан, сайнмэдээг болон Есүс Христийг тунхагласнаар минь дамжуулан, өнө эртний турш нууцлагдаж байсан нууцын илчлэлээр уламжлан та нарыг бат бэх болгоно. 26 Тэр нууц нь эдүгээ илэрхий болж мөнх Бурханы тушаалын дагуу эш үзүүлэгчдийн Бичвэрүүдээр дамжин бүхий л харийнханд мэдэгдэж, тэд итгэн дуулгавартай дагах болсон. 27 Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.