Итгэгчид хуульд үхсэн

7 Ах дүү нар аа, хууль мэдэгсдэд гэж хэлэхэд, хууль нь хүнийг амьд байгаа цагт л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Гэрлэсэн эмэгтэй нөхрөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогдсон байдаг. Харин нөхөр нь өөд болбол тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөнө. Тиймээс нөхрөө амьд байхад тэр эмэгтэй өөр эртэй нийлбэл завхай эм гэгдэнэ. Харин нөхөр нь өөд болбол тэр хуулиас чөлөөлөгдөх бөгөөд тэрээр өөр эртэй нийлсэн ч завхай эм биш юм.

 Түүнчлэн ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжин хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдсон юм. Учир нь биднийг махан бодод байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд нь үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан. 6 Харин бид хүлүүлж асан хуульдаа үхэж түүнээс чөлөөлөгдсөнөөр судар бичгийн хуучрал дор биш, харин Сүнсний шинэчлэл дор үйлчилдэг.

Хууль ба гэм нүгэл

 Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Огт үгүй! Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байхсан. Хэрэв хууль «Чи бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байхсан. Харин нүгэл нь тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн. Учир нь хууль үгүй бол нүгэл нь үхмэл юм. Нэгэн цагт би хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амилж, би үхсэн бөгөөд 10 аминд гэсэн тушаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв. 11 Учир нь тушаалаар шалтаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түүгээр алсан. 12 Тиймээс хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөв бөгөөд сайн юм.

 13 Энэхүү сайн нь надад үхлийг авчирсан уу? Огт үгүй! Харин авчирсан нь нүгэл бөгөөд сайнаар дамжин нүгэл нь нүгэл хэмээн харагдахын тулд миний дотор үхэл ажилласан бөгөөд нүгэл нь тушаалаар дамжин туйлын нүгэлт болов.

Дотоод зөрчил

 14 Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махбодтой бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. 15 Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна. 16 Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол, хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм. 17 Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм. 18 Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй. 19 Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. 20 Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг.

 21 Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. 22 Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. 23 Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. 24 Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? 25 Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай.

Иймд нэг талаар би оюун ухаанаараа Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би махбодоороо нүглийн хуульд үйлчилдэг.