Израиль гологдсон тухайд

11 1 Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнийг голсон гэж үү? Огт үгүй! Учир нь би бас Абрахамын үр, Бениамин овгийн израиль. Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнийг голоогүй. Та нар Елиагийн тухай Бичвэрт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг, Бурханд мэдүүлэн 3 «Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алж, Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн. Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм. 5 Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа. 6 Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно.

Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ. 8 Энэ нь

«Бурхан энэ өдрийг хүртэл

Тэдэнд гүн нойрны сүнс,

Хардаггүй нүд, сонсдоггүй чих

 өгсөн»

гэж бичигдсэнчлэн ажээ. 9 Давид

«Тэдний ширээ нь тэдэнд урхи,

 тор, бүдрүүлэх саад

бас шан хариу болог.

10 Харж чадахгүйн тулд тэдний

нүд харанхуйлаг,

Нуруу нь үүрд бөгтөр болог»

гэжээ.

Харийнхны аврал

 11 Иймд би хэлье. Тэд бүр унахаар бүдэрсэн гэж үү? Огт үгүй. Харин тэдний алдаа зөрчлөөс болж харийнханд аврал ирснээр Израилийн атаархлыг өдөөх юм. 12 Тэгэхлээр, тэдний алдаа зөрчил нь дэлхийн баялаг, тэдний алдагдал нь харийнхны баялаг болдог юм бол тэдний дүүрэл ямар их илүү байх бол!

 13 Гэвч харийнхан та нарт би хэлье. Би харийнхны элчийн хувьд үйлчлэлээ товойлгодог нь 14 яс махныхаа тасархайг атаархуулж заримыг нь ч бол аврах гэснийх. 15 Хэрэв тэдний огоорол нь дэлхийн эвлэрэл бол хүлээн авалт нь үхэгсдээс амилах адил бус уу? 16 Өргөл дээж ариун бол үлдсэн нь бүхэлдээ мөн тийм, үндэс хэрэв ариун бол мөчрүүд ч бас тийм байна.

 17 Хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол 18 өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. 19 Тиймээс та «Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ» гэж хэлэх болно. 20 Тийм ээ, тэд итгэлгүйдээ тастагдсан бол та итгэлээрээ зогсож байна. Бүү дээгүүр санаарх харин эмээ. 21 Хэрэв Бурхан төрөлх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. 22 Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуурхлыг харагтун. Унагсад дээр хатуурхал байдаг тул Бурханы энэрэлд үлдвээс тан дээр энэрэл оршино. Эс бөгөөс та ч гэсэн тастагдана. 23 Мөн тэд итгэлгүй эс үлдвээс залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. 24 Хэрэв та төрөлхийн зэрлэг модноос тастагдаад тэр чанарынхаа эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэр тусмаа төрөлхийнх нь төрөлх модондоо залгагдах биш үү?

Бүх Израиль аврагдах болно

 25 Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ. 26 Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм.

«Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ.

Тэр итгэл сүсэггүйдлийг

Иаковаас зайлуулна.

27 Би тэдний нүглүүдийг

зайлуулах үед

Энэ нь тэдэнтэй байгуулах

Миний гэрээ мөн.»

 28 Сайнмэдээний талаас, тэд та нарын улмаас дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн улмаас хайрлагдагсад юм. 29 Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. 30 Та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүйгээс болж та нар өршөөл үзсэнчлэн, 31 мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм. 32 Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд бүгдийг дуулгаваргүйдэлд Бурхан хорьжээ.

 33 Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?

34 Эзэний оюун ухааныг

хэн мэдсэн бэ?

Хэн Түүний зөвлөгч нь болсон

 бэ?

35 Хэн өөртөө эргүүлж төлүүлэхээр

Түүнд урьдчилж өгсөн бэ?

36 Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.