Бурханы шударга шүүлт

2 Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Учир нь шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ.Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг харин бид мэднэ. 3 Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу? 4 Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна. Бурхан, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.Тэвчээртэйгээр сайныг үйлдэж, алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайгчдад мөнх амь өгнө. 8 Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй мөртлөө зүй бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана. 9 Муу муухайг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст ч байна. 10 Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст ч байна. 11 Учир нь ялгаварлах үзэл Бурханд байдаггүй.

 12 Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн мөн хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн хуулиар шийтгэгдэх болно. 13 Учир нь хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно. 14 Харийнхан хуульгүй боловч хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө үйлдвэл, хэдийгээр хуульгүй авч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. 15 Хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд ийнхүү харуулж байна. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, бодол санаа нь ч нэг нэгнээ буруутгадаг эсвэл өмгөөлдөг. 16 Миний сайнмэдээний дагуу, энэ нь хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр Бурхан шүүх өдөрт болно.

Иудейчүүд ба хууль

 17 Хэрэв та Иудей гэх нэр зүүж, хуульд найдан, Бурханаар сайрхан мөн 18 хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол, 19 мөн хууль дор мэдлэгийн болон үнэний цогцтой гээд, сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл, 20 мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол, 21 бусдад заахдаа та өөртөө заагаагүй юу? Бүү хулгайл гэж номлоод та хулгайлдаг уу? 22 Бүү завхайр гэж яриад та завхайрдаг уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог уу? 23 Хуулиар сайрхагч та өөрөө хуулийг зөрчсөнөөрөө Бурханыг гутаадаг уу? 24 Учир нь «Бурханы нэр та нараас болж харийнхны дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг.

 25 Хэрэв та хуулийг биелүүлбэл хозлол нь тустай ажээ. Харин та хуулийг зөрчигч нь мөн бол таны хозлол чинь хозлол биш болдог. 26 Тиймээс хэрэв хозлуулаагүй хүн хуулийн шаардлагуудыг сахивал тэрээр хозлуулаагүй ч хозлуулсан мэт тооцогдох бус уу? 27 Хозлолыг биедээ хийлгээгүй хүн хэрэв хуулийг сахивал, хуулийн бичиг болон хозлолтой атлаа хуулийг зөрчигч таныг шүүх бус уу? 28 Учир нь гаднах байдлаараа иудей байх нь иудей биш бөгөөд махбодын гаднах хозлол нь ч хозлол биш. 29 Харин доторх байдлаараа иудей байх нь иудей хүн мөн. Бичгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хозлол нь хозлол мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.