Эрх мэдэлд захирагд

13 1 Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. 2 Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно. 3 Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно. 4 Тэр таны сайн сайхны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та муу муухайг үйлдвэл айгтун. Илдийг тэр дэмий зүүгээгүй. Тэр бол муу муухайг үйлдэгчдээс Бурханы уур хилэнгийн өшөө авагч, Түүний үйлчлэгч мөн. 5 Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус мөн мөс чанарынхаа учир захирагдах хэрэгтэй. 6 Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.

Нэг нэгнээ хайрла

 Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. 9 Учир нь «Чи бүү завхайр, чи хүн бүү ал, чи бүү хулгай хий, чи бүү шунахайр» гээд өөр ямар ч тушаал «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үг дотор агуулагддаг юм. 10 Хайр бол хөршдөө муу муухайг үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн гүйцэлдэл мөн.

Яаравчлах уриалга

11 Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна. 12 Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. 13 Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая. 14 Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ.