Өөрсдөдөө бус, бусдад таацуул

15 1 Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Бид бүгд хөршөө босгон байгуулах, сайн сайхны төлөө түүнд таацуулъя. 3 Христ ч гэсэн Өөртөө таацуулаагүй. Харин «Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув» гэж бичигдсэн ёсоор байсан юм. Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм. Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэх нь бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар санаа нийлж, ам нэгдэн алдаршуулахын тулд юм.

Сайнмэдээ нь харийнханд

ч зориулагдсан

 Тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун. Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ нь хозлуулагсдын зарц болсон. 9 Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харийнхан Бурханыг алдаршуулахын тулд ажээ.

«Иймд би харийнхан дунд

Танд магтаалыг өргөнө.

Таны нэрийг би магтан дуулна»

гэж бичжээ. 10 Тэр дахин

«Харийнхан аа,

Түүний ард түмэнтэй

хамт баярлацгаа»

гээд, 11 мөн дахин

«Бүх харийнхан аа,

Эзэнийг магтагтун.

Бүх ард түмэн

Түүнийг магтах болтугай»

гэжээ. 12 Исаиа дахин

«Иессийн үндэс гарч ирнэ.

Харийнхныг захирахаар

 босох Түүнд

Харийнхан найдах болно»

гэсэн юм. 13 Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.

Паулын зоригтойгоор

 бичсэн шалтгаан

 14 Ах дүү нар минь, та нарын хувьд та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн мөн нэг нэгнээ зааварлах чадвартай гэдэгт би итгэсэн юм. 15 Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр 16 Бурханы сайнмэдээг тунхаглах ариун үйлчлэлд Бурхан намайг харийнхны төлөөх Христ Есүсийн үйлчлэгч болгосон нь харийнхныг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын тулд болой. 17 Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дор сайрхах шалтгаан надад бий. 18 Учир нь надаар дамжин Христийн хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр харийнхныг дуулгавар дор авчрахын тулд үг болон үйлсээр минь бас 19 тэмдгүүд болон гайхамшгийн хүч, Ариун Сүнсний хүчээр ажилласан тул би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайнмэдээг бүрэн дэлгэрүүлсэн. 20 Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайнмэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн. 21 Харин энэ нь

«Түүний тухай мэдээгүй хүмүүс

харах болно.

Сонсоогүй хүмүүс

ойлгох болно»

гэж бичигдсэнчлэн юм.

Ромд айлчлах

Паулын төлөвлөгөө

 22 Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ. 23 Харин одоо миний хувьд эдгээр нутаг дээр цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар дээр очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна. 24 Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг. 25 Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалимд очих гэж байна. 26 Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм. 27 Тийм ээ, тэд таашаасан нь Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртэйнх. Хэрэв харийнхан тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм. 28 Тиймд би тэдэнд цуглуулсныг нь гардуулан өгч, үүнийг гүйцэлдүүлээд, та нарыг дайран Испани уруу явна. 29 Би та нар дээр очихдоо Христийн ерөөлийн дүүрэл дор очно гэдгээ мэднэ.

 30 Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Та нар ч миний төлөө залбирлаараа Бурханы өмнө хичээнгүйлэн нэгдээрэй. 31 Энэ нь би Иудей дэх дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэснийх юм. 32 Ингэвэл би Бурханы хүслээр та нар дээр баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно. 33 Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.