3 1 Тэгвэл иудей хүний давуу тал эсвэл хозлолын ашиг нь юу вэ? 2 Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ. 3 Зарим нь итгэмжгүй бол яах вэ? Тэдний итгэмжгүй нь Бурханы итгэмжийг хүчингүй болгох уу? 4 Тийм биш ээ. Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн. Энэ нь

«Та үгсээрээ зөвтгөгдөж

Та шүүгдэхдээ ялна»

гэж бичигджээ. 5 Харин бидний зөв бус нь Бурханы зөвийг тодруулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Бидэн дээр уур хилэн буулгагч Бурхан зүй бус гэх үү? (Би хүний ёсоор ярьж байна.) Огт үгүй! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ? Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдарт бялхдаг юм бол яагаад би нүгэлтэн адил шүүгдсээр байгаа билээ? Яагаад бас «Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе» гэж ярьж болохгүй билээ? Гэхдээ зарим нь биднийг ингэж ярьдаг гэж гүтгэдэг. Тэдэнд шийтгэл зохистой.

Зөвт хүн гэж үгүй

 9 Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. 10 Энэ нь ингэж бичигджээ.

«Зөвт хүн алга, ганц ч алга.

11 Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга.

12 Бүгд гажиж,

цөмөөрөө хэрэггүй болжээ.

Сайныг үйлддэг нь алга.

Бүр ганц ч алга»

13 «Тэдний хоолой нь

онгорхой булш юм.

Тэд хэлээрээ зусарддаг»

«Тэдний уруул дор

могойн хор байдаг».

14 «Тэдний аманд хараал болон

гашуун үг дүүрэн аж».

15 «Тэдний хөл

цус урсгахдаа түргэн,

16 Тэдний замд сүйрэл

ба гай гамшиг бий.

17 Тэд амар амгалангийн замыг эс мэднэ»

18 «Бурханаас эмээхүй нь

Тэдний нүдэнд үгүй»

19 Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно. 20 Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм.

Итгэлээр зөвтгөгдөнө

 21 Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм. 22 Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. 23 Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч 24 Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ. 25 Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. 26 Энэ нь эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэх мөн Есүст итгэгчийг зөвтгөхийн тулд билээ.

 27 Тэгвэл сайрхал хаана байна? Хаана ч үгүй. Ямар хуулиар зөвтгөгдөх вэ? Үйлсийн хуулиар уу? Үгүй, харин итгэлийн хуулиар юм. 28 Хүн хуулийн үйлсээр бус харин итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг. 29 Бурхан зөвхөн иудейчүүдийнх гэж үү? Тэр мөн харийнхных бус уу? Тийм ээ, Тэр бас харийнхных мөн. 30 Яагаад гэвэл Бурхан цорын ганц тул хозлуулсныг нь ч итгэлээр, хозлуулаагүйг нь ч итгэлээр зөвтгөнө. 31 Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодог уу? Огт үгүй! Харин ч, бид хуулийг бататгадаг.