Христ дор шинэ амьдрал

12 1 Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн. 2 Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.

 3 Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэгбүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд ногдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. 4 Нэг биед олон эрхтэн байдгийн адил мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил, 5 бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. 6 Бидэнд өгөгдсөн нигүүлслээр бэлгүүд маань ялгаатай. Эш үзүүллэг нь итгэлийнхээ хэрээр үйлчлэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, 8 ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд.

Жинхэнэ итгэгчийн шинж

 9 Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав. 10 Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. 11 Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат. 12 Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, 13 ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз.

 14 Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа. 15 Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. 16 Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго. 17 Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. 18 Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. 19 Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ. 20 «Дайсан чинь өлссөн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг» 21 Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл.