13 1 Эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгч та нар дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг таниулаад, 2 чамд урьдчилан хэлсэн тэрхүү тэмдэг, гайхамшиг нь биелж тэрээр “Чиний мэддэггүй байсан өөр бурхдыг цөмөөрөө даган тэдэнд зарагдацгаая” гэж хэлсэн ч 3 чи тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийн үгийг бүү сонс. Учир нь бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь ЭЗЭН Бурхан чинь шалган үзэж байгаа юм. 4 Та нар ЭЗЭН Бурханыхаа хойноос дагаж, Түүнээс айн эмээж, Түүний тушаалыг мөрдөж, Түүний дуу хоолойг сонсон дагаж, Түүнд зарагдаж, Түүнээс зуур. 5 Харин Египет нутгаас авчирсан, боолчлолын гэрээс гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь та нарыг урвуулж, ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас гаргах гэж ятгасан учир тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийг алах ёстой. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү арилган зайлуулах ёстой.

 6 Хэрэв эхийн чинь үр болох ах дүү чинь эсвэл хүү, охин чинь эсвэл өвөр дэх эхнэр чинь эсвэл амь шигээ хайрладаг дотнын нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж “Явж өөр бурхдад мөргөе” хэмээн чи ч, эцэг өвгөд чинь ч мэддэггүй 7 харин чиний эргэн тойрны, хол ойрын, газрын нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ард түмнүүдийн бурхдыг яривал 8 чи түүнтэй бүү санаа нэгд, түүнийг бүү дага, бүү өрөвд, бүү хэлтрүүл, бүү халхал. 9 Харин чи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, дараа нь бусад хүмүүс гар хүрэх ёстой. 10 Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь тэр чамайг урвуулахыг завдсан тул чи түүнийг чулуугаар шидэж алах ёстой. 11 Тэгвэл бүх Израиль үүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм ёрын муу юм та нар дунд хийхгүй.

 12 Чамайг амьдруулахаар Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгч буй аль нэгэн хотод, 13 та нар дундаас үл бүтэх хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхоо оршин суугчдыг уруу татан, “Явж, та нарын мэддэггүй байсан өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол, 14 чи үүнийг сураглаж, эрж, сайтар асуугаад, тийм жигшүүрт юм та нар дунд гарсан нь үнэн байвал 15 чи тэр хотын оршин суугчдыг илдний ирээр хиар цохиж, тэр хот болон түүний доторх бүгдийг мал сүрэгтэй нь хамт илдний ирээр хүйс тэмтэр. 16 Бас тэндээс булааж авсан бүхнээ хотын төв талбайд цуглуулаад, тэр хотыг булаан авсан бүх зүйлтэйгээ ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил болгон шатаа. Тэр хот үүрд балгас болж, дахин хэзээ ч баригдах ёсгүй. 17 Хориг цээртэй юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлэн энэрч, чиний эцэг өвгөдөд тангарагласан ёсоороо чамайг олшруулна. 18 Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийд зөв зүйтэйг үйлдвэл тийм байх болно.