Ебал уулан дээрх бичээст чулуу

27 1 Мосе Израилийн ахмадуудын хамт ард түмэнд тушаан

—Өнөөдөр миний та нарт тушааж байгаа бүх тушаалыг сахь. 2 Та нар ЭЗЭН Бурханыхаа өгч буй газар уруу орохоор Иорданыг гатлах өдрөө том чулуунууд босгож, шохойгоор шохойд. 3 Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу Бурхан ЭЗЭНий чинь чамд өгч буй сүү зөгийн бал бялхсан тэр газарт чи орохын тулд гатлах үедээ энэ хуулийн бүх үгийг тэр чулуунууд дээрээ бич. 4 Та нар Иорданыг гаталж гараад, өнөөдөр чамд миний тушааж байгаачлан тэдгээр чулууг Ебал уулан дээр босгоод, шохойгоор шохойд. 5 Тэнд чи Бурхан ЭЗЭНдээ зориулан чулуугаар тахилын ширээ босго. Түүнд ямар ч төмөр бүү хүргэ. 6 Чи засаагүй чулуугаар ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээг босгож, түүн дээр ЭЗЭН Бурхандаа шатаалт тахил өргө. 7 Мөн эвийн тахил өргөж, тэндээ идэж, ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэцгээ. 8 Чи тэдгээр чулуун дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.

 9 Тэгээд Мосе ба тахилч левичүүд бүх Израильд

—Израиль аа, чихээ тавин сонс! Өнөөдөр чи ЭЗЭН Бурханыхаа ард түмэн нь боллоо. 10 Тиймээс Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагаж, өнөөдөр чамд миний тушааж буй Түүний тушаал, зарлигуудыг мөрд гэв.

Арван хоёр хараал

  11 Мосе мөн өдөр ард түмэнд эдгээрийг тушаав.

12 Та нар Иорданыг гаталж гараад, Симеон, Леви, Иуда, Иссахар, Иосеф, Бениамин овгууд нь ард түмнийг ерөөхөөр Геризим уулан дээр зогсож, 13 Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно. 14 Левичүүд бүх израиль хүнд хандан чанга дуугаар 15 “Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.

 16 “Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 17 “Хөршийнхөө шавыг хөдөлгөдөг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 18 “Сохор хүнийг замаас нь төөрүүлэгч хүн хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 19 “Ирмэл, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйг хилс шүүгч нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 20 “Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 21 “Аливаа мал адгуустай явалдагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 22 “Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ эсвэл эхийнхээ охинтой хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 23 “Хадам эхтэйгээ хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 24 “Хөршөө нууцаар алдаг хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 25 “Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.

 26 “Энэ хуулийн бүх үгийг хэрэгжүүлдэггүй, гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.