Амралтын жилийн хууль

(Лев 25:1–7)

15 1 Долоон жил тутамд жилийн эцсээр чи өр авлагаа цуцал. 2 Өр авлага цуцлалтыг ингэж хийнэ. Зээлдүүлэгч хүн бүр хөршөөсөө авах авлагаа цуцлах ёстой. ЭЗЭНий авлага цуцлалт зарласан учир тэр хөршөөсөө эсвэл ах дүүсээсээ өрөө бүү нэх. 3 Гаднын хүнээс өрөө нэхэж болно. Харин ах дүүсээсээ авах бүх өрийг гар чинь цуцлах ёстой. 4 Бурхан ЭЗЭНий чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг өгөөмрөөр ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно. 5 Өнөөдөр миний чамд даалган өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи гагцхүү ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойд дуулгавартай бай. 6 ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх үед чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ, харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна, харин чи тэдэнд захирагдахгүй.

 7 Хэрэв ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх бүү гарга, түүнээс гараа бүү тат. 8 Харин чи түүнд гараа сунгаж, түүний гачигдаж буй аливаа хэрэгцээнд нь дуртайяа зээлүүл. 9 Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно. 10 Чи түүнд дуртайяа өгөх ёстой. Түүнд өгөхдөө харам зүрхтэй бүү бай. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил бүтээл, гарын чинь үйл бүхнийг ивээх болно. 11 Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тиймээс би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх гачигдаж буй ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.

 12 Хэрэв чиний ах дүү болох еврей эр эсвэл еврей эм чамд худалдагдаад, зургаан жил чамд зарцлагдсан бол чи түүнийг долоо дахь жилд нь чөлөөлж явуул. 13 Чи түүнийг чөлөөлж явуулахдаа гар хоосон бүү явуул. 14 Чи түүнд мал сүргээсээ, үтрэмээсээ, дарс шахуургаасаа өгөөмрөөр өг. ЭЗЭН Бурхан чинь чамайг юугаар ивээсэн, тэрнээсээ түүнд өг. 15 Чи Египетийн нутагт боол байснаа, Бурхан ЭЗЭН чинь чамайг гаргаж авсныг санаж яв. Тиймээс би өнөөдөр чамд үүнийг тушааж байна. 16 Гэвч хэрэв боол чинь чамд бас танай гэр бүлийнхэнд хайртай бөгөөд чамтай хамт байх нь илүү сайн гэж үзсэн тул чамд “Би танаас холдож явахгүй” гэвэл 17 чи шөвөг аваад, түүний чихийг хаалганд нааж байгаад цоол. Тэгвэл тэр үүрд чиний зарц болно. Чи шивэгчиндээ ч мөн үүнчлэн үйлд.

18 Зарц чинь чамд зургаан жилийн турш зарцлагдахдаа хөлсний хүнээс хоёр дахин илүү байсан учраас чи түүнийг чөлөөлж явуулах нь хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний хийх бүх зүйлд чамайг ивээнэ.

Ууган төл

 19 Чи үхэр, хонин сүргийнхээ ууган эр төл бүрийг Бурхан ЭЗЭНдээ ариусган зориул. Чи үхрийнхээ ууган төлийг ажилд бүү зүтгүүл. Чи хониныхоо ууган төлийг бүү хярга. 20 Чи болон гэрийнхэн чинь ЭЗЭНий сонгож авах газарт жилээс жилд ЭЗЭН Бурханыхаа өмнө түүнийгээ идэх ёстой. 21 Харин тэр нь доголон юмуу сохор эсвэл өөр ямар нэгэн согогтой муу байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа тахил болгон өргөж болохгүй. 22 Чи түүнийг хотынхоо дотор ид. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнийг гөрөөс, бугын мах мэтээр ид. 23 Харин чи цусыг нь бүү ид. Цусыг нь газарт ус шиг асга.