Алгасалын тухай

(Гэт 12:1–20)

16 1 Абиб сард ЭЗЭН Бурхан чинь чамайг Египетээс шөнөөр гаргаж авсан учир Абиб сарыг сахиж, ЭЗЭН Бурхандаа зориулан Алгасалыг тэмдэглэ. 2 Нэрээ тавихаар ЭЗЭНий сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Алгасалын тахилыг үхэр, хонин сүргээс өргө. 3 Чи үүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Харин үүнийг долоо хоногийн турш исгээгүй талх буюу зовлон зүдүүрийн талхтай хольж ид. Учир нь чи Египет нутгаас яаруу гарсан билээ. Ийнхүү чи амьдралынхаа бүхий л өдрийн туршид Египетээс гарсан тэр өдрийг санаж явах болно. 4 Чиний нутаг дэвсгэр дээр долоо хоногийн турш исгэх хөрөнгө бүү харагдаг. Анхны өдрийн үдэш өргөсөн тахилын махнаас өглөө болтол юу ч бүү үлдэг. 5 Алгасалын тахилыг ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй аль ч хотод өргөх ёсгүй. 6 Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт чи Египетээс гарч явсан тэр цагт буюу үдшээр, нар шингэх үед Алгасалын тахилыг өргө. 7 Чи ЭЗЭН Бурханыхаа сонгосон газарт түүнийг шарж идээд, өглөөгүүр майхан уруугаа буцаад яв. 8 Чи зургаан өдрийн турш исгээгүй талх идэх ёстой. Долоо дахь өдөр нь ЭЗЭН Бурханы чинь өмнө тусгай чуулаан байх бөгөөд тэр өдөр ямар ч ажил бүү хий.

Долоо хоногуудын баяр

(Гэт 34:22; Лев 23:15–21)

 9 Чи өөртөө долоон долоо хоногийг тоол. Боловсорсон тарианд хадуур хүргэж эхлэх үеэс хойш долоон долоо хоногийг тоол. 10 Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо хоногуудын баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг гарынхаа сайн дурын өргөлийн барьцыг өргө. 11 ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг леви, та нарын дунд байгаа ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла. 12 Чи Египетэд боол байснаа санаж, эдгээр зарлигийг сахин хий.

Майхан баяр

(Лев 23:33–43)

 13 Та нар үтрэмээсээ мөн дарс шахуургаасаа хурааж авсны дараа Майхан баярыг долоо хоног тэмдэглэ. 14 Тэр баяраараа чи болон чиний хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, танай хотод оршин суудаг леви хүн, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө хөөрөн баярла. 15 Чи ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног баярыг тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний бүх бүтээгдэхүүн, гараар хийсэн аливаа ажил үйлсийг чинь ивээх учир чи сэтгэл дүүрэн баярла.

 16 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй талхны баяр, Долоо хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй. 17 ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр хүн бүр гарынхаа өгч чадах хэрээр өргө.

Овгийн шүүгчид ба түшмэд

18 Бүх овогт, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шүүлтээр шүүх ёстой. 19 Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг. 20 Чи амьд байж, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газрыг эзэмшихийн тулд чи зөв зүйлийг, зөвхөн зөвийг л дага.

Мөргөлийн хориг

21 ЭЗЭН Бурхандаа босгох тахилын ширээний дэргэд ямар нэгэн модыг Ашерад шон болгон бүү босго. 22 Бурхан ЭЗЭНий чинь үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө бүү босго.