25 1 Хэрэв хүмүүс хоорондоо маргалдан шүүхэд ирвэл тэднийг шүүж, зөвтнийг нь зөвтгөж, буруутныг нь шийтгэх ёстой. 2 Буруутанд жанчих шийтгэл ногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өмнөө хэвтүүлээд хийсэн гэм буруугийнх нь хэрээр түүнийг ташуурдуулна. 3 Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи үүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.

4 Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий.

Нэр хадгалах гэрлэлт

 5 Ах дүүс цугтаа амьдарч байгаад нэг нь өөд болохдоо хөвгүүнгүй байвал, эхнэр нь гэр бүлийнхээ гадуурх гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Харин нөхрийн ах дүү нь түүн дээр орж, өөрийн эхнэр болгон авч, нөхрийн ах дүүгийн үүргийг түүнд гүйцэтгэх ёстой. 6 Мөнөөх өөд болсон хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой. 7 Харин хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ. 8 Хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл 9 ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман хариу болгож “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ. 10 Тэгээд Израилийн дунд түүнийг “Шаахайгаа мултлуулсан хүний гэр бүл” гэж хочлох болно.

Янз бүрийн тушаалууд

  11 Хэрвээ хоёр хүн бие биентэйгээ зодолдож байхад нэгийнх нь эхнэр цохиж байгаа хүний гараас нөхрөө аврахаар ойртон очоод, гар сунган нөгөөгийнх нь бэлэг эрхтнээс барьж авбал 12 чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвдөж хар.

 13 Чи халаасандаа том туухай болон жижиг туухай бүү хий. 14 Чи гэртээ том хэмжүүр болон жижиг хэмжүүр байлгаж болохгүй. 15 Чи бүрэн бүтэн, зөв туухайтай, бүрэн бүтэн, зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт насална. 16 Тийм зүйл хийдэг, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.

 17 Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамд юу хийснийг санагтун. 18 Тэд ЭЗЭН Бурханаас чинь эмээлгүй, та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь яваа сул дорой хүмүүсийг цохисон билээ. 19 Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр эргэн тойронд чинь байгаа бүх дайснаас чиний Бурхан ЭЗЭН чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн тухай дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи үүнийг бүү март!