Ог хааныг ялав

(Тоо 21:31–35; 32:1–42)

3 1 Бид эргэж, Башаны замаар хүрч очиход Башаны хаан Ог бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв. 2 ЭЗЭН надад хандаж “Түүнийг болон түүний бүх ард түмэн, газар нутгийг нь Би чиний гарт өгсөн тул түүнээс бүү ай. Чи Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил түүнд үйлд” гэв. 3 Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Огийг бүх ард түмэнтэй нь бидний гарт тушаасанд бид амьд хүн нэгийг ч үлдээлгүй тэднийг бут цохив. 4 Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй. 5 Тэр хотууд нь бүгд өндөр хэрэм, гулдан хаалга, хөндлүүдээр бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурин нэн олон байв. 6 Бид Хешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн тэдгээр хотыг устгасан. 7 Бид харин бүх мал адгуус мөн хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсдөдөө олз болгон авсан билээ. 8 Ингэж тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас бид Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг мөн 9 (Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг) 10 тэгш тал дахь бүх хот, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан. 11 (Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмөр ор бөгөөд энгийн хүний тохойгоор есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа.) 12 Тэр үед бид эзэмшилээ болгон авсан тэр газрын хувьд би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн. 13 Гилеадын үлдсэн газар нутаг болон Огийн хаант улс, бүх Башаныг би Манассе овгийн хагаст өгсөн. Аргобын бүх нутаг, бүх Башан нь Рефаимын нутаг хэмээн нэрлэгдэж байв. 14 Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна. 15 Би Гилеадыг Махирт өгсөн билээ. 16 Би реубенчүүд, гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл 17 мөн Араба, Иордан голын хамт, Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ. 18 Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан гаталцгаа. 19 Харин та нарын эхнэр, хүүхэд, мал сүрэг чинь (Олон малтайг чинь би мэднэ.) миний та нарт өгсөн хотуудад үлдэх бөгөөд 20 ЭЗЭН та нарт өгсөн шигээ ах дүүст чинь ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцаж ирж болно” гэж хэлсэн. 21 Тэр үед би Иошуад “Та нарын Бурхан ЭЗЭНээс энэ хоёр хаанд учруулсан бүгдийг чи нүдээрээ үзсэн. Чиний гатлан очих гэж буй бүх хаанчлалд ЭЗЭН бас тийн үйлдэх болно. 22 Тэднээс битгий ай! ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.

Писгагаас Канааныг ширтэв

 23 Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж, 24 “Эзэн БУРХАН! Та зарцдаа алдар цуу, хүчирхэг мутраа харуулж эхэлсэн. Таных шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах бурхан, тэнгэр газрын хаана байна вэ? 25 Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс, Ливаныг үзүүлээч” гэсэн 26 боловч ЭЗЭН та нараас болж, надад хилэгнэсэн бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад “Боллоо! Чи энэ тухай Надад дахин бүү ярь! 27 Писгагийн оройд гарч, баруун, зүүн, хойш урагш харцаа өргөн нүдээрээ ширт! Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй. 28 Харин чи Иошуад тушааж, түүнд тууштай урам зориг, хүч чадал өг! Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлэн хуваарилна” гэсэн юм. 29 Тэгэхэд бид Бет-пеорын нөгөө талын хөндийд үлдсэн билээ.