29 1 Хореб ууланд Израилийн хөвгүүдтэй байгуулсан гэрээнээс нь гадна ЭЗЭНээс Мосед тушааж, Моабын нутагт израильчуудтай байгуулсан гэрээний үгс нь энэ билээ.

Моабт шинэчлэгдсэн гэрээ

 2 Мосе бүх Израилийг дуудан тэдэнд

 —Египетийн нутагт Фараонд болон түүний бүх албат нар, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн. 3 Та нар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ. 4 Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгодоггүй ухаан, хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн. 5 Би цөлд та нарыг дөчин жил удирдсан. Тэгэхэд өмссөн хувцас чинь урагдаагүй, хөлийн чинь гутал ч элэгдээгүй билээ. 6 Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд та нарт талх ч идүүлээгүй, дарс, сархад ч уулгаагүй. 7 Та нарыг энд хүрч ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй байлдахаар ирсэн боловч бид тэднийг бут цохисон. 8 Бид газар нутгийг нь аваад, Реубен, Гад, Манассе овгийн хагаст өв болгон өгсөн билээ. 9 Тиймээс та нар энэ гэрээний үгийг сахин мөрд! Тэгвэл хийсэн бүхэн чинь сайн сайхан болно.

 10 Өнөөдөр та бүхэн, танай удирдагчид, танай овгууд, танай ахмадууд, танай түшмэд, Израилийн бүх эрчүүд, 11 балчир хүүхдүүд, эхнэрүүд чинь, танай хуаранд суудаг ирмэл хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс авахуулаад усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд 12 Бурхан ЭЗЭНий чинь гэрээнд нэгдэж, ЭЗЭН Бурханы чинь өнөөдөр чамд хандан өргөж байгаа тангарагт оролцохоор ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байна. 13 ЭЗЭН чамд айлдсан ёсоороо мөн чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаковт тангарагласан ёсоороо, өнөөдөр чамайг Өөрийн ард түмэн болгож, Өөрөө чиний Бурхан болох гэсэн юм. 14 Би энэ гэрээг болон энэ тангаргийг зөвхөн та нартай хийгээгүй, 15 харин энэ өдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй мөн энэ өдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна. 16 Египет газарт бид хэрхэн амьдарч мөн та нарын туулсан үндэстнүүдийн дундуур бид хэрхэн гарч ирснийг та нар мэдэх билээ. 17 Та нар мөн тэдэнд байгаа жигшүүрт зүйлс, мод, чулуу, мөнгө, алтан шүтээнийг харсан. 18 Өнөөдөр бидний Бурхан ЭЗЭНээс зүрхээ урвуулж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах эр, эм эсвэл гэр бүл, овог та нарын дундаас гаруузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болох вий дээ. 19 Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө ерөөж, “Өөрсдийнхөө замаар бид гөжүүдлэн яваа ч амар тайван л байна” гэж бүү бодог. (Устай, ангамал аль алинд нь ийнхүү гамшиг авчирдаг.) 20 ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина. 21 Энэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг ёрын муу болгоод Израилийн бүх овгоос ЭЗЭН тусгаарлан салгана. 22 Хөвгүүдийн чинь хойч үеийнхэн хийгээд алс газраас хүрч ирэх гаднын хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад, 23 “Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ. 24 Бүх үндэстэн “ЭЗЭН энэ газарт яагаад ийм юм хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл 25 хүмүүс “Эцэг өвгөдийнх нь Бурхан ЭЗЭН Египет нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж, 26 өөрсдийн мэдэхгүй, ЭЗЭНий өөрсдөд нь өгөөгүй өөр бурхдад очиж, зарагдан мөргөснөөс тийм болжээ. 27 Тиймээс ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган, 28 ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно. 29 Нууц зүйлс нь бидний Бурхан ЭЗЭНд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна. Биднээр энэ хуулийн бүх үгийг мөрдүүлэхийн тулд тэр болой.